Friday, March 20, 2015

Хаана би түр хорогдох вэ

Гүн гүнзгий байх тусам цус илүү их урсана
Шарх төдий чинээ удаан анина
Бүх цусаа юүлэх гэж
Илүү гүн шигдэнэ

Толгой эргэнэ, уначихаасай
Унаж өгөхгүй
Зүрх өвдөнө, зогсчихоосой
Зогсож өгөхгүй

Яагаад түр тасалдахыг хүснэ
Мэдэхгүй, үнэндээ би мэдэхгүй
Ийм их хүлцэхүйд
Өөрийгөө өрөвдөж, бас зүхэж суух
Угаас ийм л байсан
Юу бодож байна
Мэдэхгүй, үнэндээ би мэдэхгүй

Нулимс нүд хорсгоно
Нүд уйлмаар байна гэнэ
Нулимс нүдийг үзэн ядаж байна гэнэ
Хацар нулимсанд дасч байна гэнэ
Урууланд нулимсны амт таалагдаж байна гэнэ

Түр хорогдуулаач, хаа нэгтээ
Түрхэн зуур, өөрийгөө олоход минь туслаач
Илүү ихээр бусдад төвөг болохгүйн тулд
Өөрийгөө би татаж гаргах хэрэгтэй байна

Ойлгуулж үл чадах

Чадахгүй зүйл их юм, надад
Хайртайгаа ойлгуулж,
Бас хаяж явж,
Хайрлаж,
Бас хайрлуулж

Үргэлж нэг тийм тэнэг байдалд ордог
Үл итгэсэн, итгүүлсэн
Бас хэтэрхий их тайлбарласан
Нялуун үгээр пологтуулсан

Хэтэрхий төвөгтэй, ойлгомжгүй
Хэтэрхий гүн гүнзгий

Магад миний 2 амьдралд
Аль алинд нь цаг хугацаа
Хамгаас хэрэгтэй байж мэдэх
Орхих хэрэгтэй, аль альныг нь

Хэн хэнийг нь хайрлаж,
Бас хайрлуулж чадахгүй бол
Түр холдох хэрэгтэй

Үхлээ хүлээж буй модны тухай

Хорин долоо биш гучин долоо
Миний жинхэнэ нас гучин долоо
Хормой дэврэх,  магад ахин дурлах
Тэнэглэх, магад ахин алдах
Тэр бүгд ард хоцорсон мэт
Үхлээ хүлээж буй мод шиг
Илүү юуг ч хүсэхгүй байна

Шаналмаар зүйлс

Хайр хэр хүчтэй вэ?
Тэнэглэлд
Ганцаардалд
Цөхрөлд
Бүрэн дүүрэн автахаар
Тийм хүчтэй юу?
Бүгдийг орхих
Бүгдийг авах
Чимээгүй шаналах
Уйлаад л байх
Тийм их өвдөлттэй юу?

Орхиж чадахгүй байхад
Орхиод явчих ч амар уу
Өвтгөж байхаар үлдээчих нь амар уу
Чадах болов уу? Би



Tuesday, March 10, 2015

Хаана ч байхгүй ертөнцөд амьдрагч

Дүр эсгэгч гэж дахин дахин сонсоход цочирдсонгүй
Үдэш бүр зочилдог тэр чөтгөрийг өөрөөсөө явуулалгүй
Бүр илүү гүнээр энэ харанхуйдаа амьдармаар
Юугч илүү хүсэхгүй, нулимсаараа урц хийгээд нойрсоод л баймаар

Өөр өөрсдүүд



Өөр шиг нь бодоогүйг, өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй
Өөрийг нь ойлгохгүй тухай өөрөө өөрсдөө л бухимдана
Өөрсдийгөө л боддог хувиа хичээсэн өөрсдүүд
Өөрөө л хамгийн ихээр шархдаж байна гэж чарлана

Угаас өөр гэдгээ мэдээгүй, өөрчлөгдөхгүй гэдгийг ухаараагүй өөрсдүүд
Бусдаас болж тэвчих, тэсэх, дотрох хүнээ булшлах өөрсдүүд
Яг тэнцүү шатаж байгаагаа огт мэдээгүй өөрсдүүд
Яг ижил цусаа урсгаж, амьсгалаа тасалж байгаагаа мэдрээгүй өөрсдүүд



Monday, March 9, 2015

Өөрийгөө хайрлах нь "харгислал" тухай

Өөрийгөө жаргалтай байлгаж
Өөрийгөө эрхлүүлж
Өөртөө л таалагдаж
Өөрийгөө л хайрлах нь "харгислал"
Хамгийн том "нүгэл"

Бүх зүйлд чи өөрөө буруутайн учир
Бүх зүйлийг "тэвч"
Бусдын төлөө амьдар
Хариуцлагаа хүлээ

Одооноос өөрийгөө март

Би байхгүй байхын төсөөлөл ч үгүй

Явж байгаагүй, хэзээ ч
Орхиж байгаагүй, хаана ч
Гэвч одоо дуу хоолой минь тасалдаж байна
Хүч минь барагдаж байна
Түүний төлөө амьсгалж чадахааргүй болж

Аймшигтай өвдөлтийг

Нүдээ анина, унтах гэж хичээнэ
Энэ миний цорын ганц аврал
Гүн нойрсох нь хамгийн том тайвшрал
Өвдөлтийг анагаах шиттэн

Аниргүй байх нь аймшигтай
Сааралтана, бүх зүйлс
Дайвалзана, эргэн тойрон
Сэрэхэд, би үхсэн байна

Friday, March 6, 2015

Байхын тухай

Хүзүүгээ үе үе илнэ
Үсээ ч бас хэдэндээ орооцолдуулна
Чихээ бас имрэнэ
Уруулаа хааяахан зөөлөн хазлана
Нүдээ аниад хэсэг хэвтэнэ
Тэр үедээ инээмсэглэнэ
Түүний харж байгааг мэдрэх бүрдээ
Өөрийгөө хамгийн сайхан нь гэж төсөөлнө
Нүдээ нээж өөр тийшээ харж бодлогошроход
Тэр харсаар л байна, би инээмсэглэнэ
Би дуртай, энэ мөчид
Намайг ширтэхэд чинь
Биеээр минь нэвтрэнэ чиний харц
Халуун дулаанаар