Friday, March 10, 2023

Үүрэндээ эргэж ирсэн нь

 Сайн уу 

Хайрт минь, хайр минь

Гэрэл гэгээ минь, нар минь

Дэлхийн хамгийн хөөрхөн хүн минь

Амьдрах, амьсгалах шалтгаан минь

Инээх, инээмсэглэх утга учир минь


4-р сарын драфтын бичвэр

Чамайг хайрлах их хайран дунд сохорч яваад

Чамайг гэмтээчихвий

Чиний нүдний галыг

Өөрөө өрдөж асаачихаад

Араас нь харамсаж суухвы

Унтраах гэж ус цацаад

Бүр мөсөн бөхөөчихвий

Намайг байхгүйд ч чи илүү их инээмсэглэхийн төлөө

Чиний дэргэд байгааг

Илүү ихээр ойлгуулах гэж

Чамайг хайрладаг билээ

Заримдаа барьц алдахад чинь

Миний өмнө бүхнээ тавьхад чинь

Өр өвдмөөр ч бас хайрламаар

Чиний өмнө өөр хэн нэгнийг ярьхад

Дотроо эмтэрсэн ч хэзээ ч илэрхийлдэггүйд чинь

Би хичнээн хайрладаг билээ .... гээд бичиж байжээ 

Одоо гэхдээ бүгд дуусчихсан юм шиг санагдаж байна

Ийм төгсгөл байхгүй байх байсан даа гэж харамсаж байна 

Чамайг илүү урт удаан хайрлаж, илүү их дурсамж үлдээж

Харамсах зүйлгүйгээр дуусах л байсан юм

Хэт өөртөө итгэлтэй байсандаа харамссандаа 

Бүхнийг хүлээн зөвшөөрч, чиний хүссэнээр 

Чамайг тавгүй тухгүй байлгахгүйн тулд

Хэзээ ч байсан явахад өөрийгөө бэлдэе дээ 

Tuesday, April 19, 2022

Бороо л ороосой

Гундсан зүс царай

Хүлээгээгүй ч хүлээж буй учрал

Услаагүй удсан цэцэг

Хатсан, инээгээгүй уруул

Толинд хармааргүй

Төсөөлөөгүй төгсгөл

Бороо л ороосой 

Дахин нэг удаа

Зураачийн хайртай бүсгүй

Болох нь уу хармаар байна

Бороо ороход л шийдье 

 


Tuesday, April 5, 2022

Яг л ийм өдөр

Ийм хүнд, сэтгэл дарсан өдөр

Ийм давчуу бас бүрхэг өдөр

Ийм л нам гүм амьсгал сонсогдом өдөр

Ийм л өдөр ...

Friday, April 1, 2022

Энэ мэдрэмжийг мартах дөхөж

 Дотор базлаад

Бачуураад, тэгснээ гүнзгий санаа алдаад

Тэгэж санаа алдсан ч ямар ч булчин сулрахгүй байх үед

Үе үе нулимс дүүрээд

Гомдох эрхгүй хүндээ гомдчихсон 

Гомдоод байгаагаа ч хэлэх эрхгүй болсон

Орхичихож байгаа ч юм уу

Би өөрөө үлдээсэн гэлүү 

Ахиж хэзээ ч чамайг харахгүй байхвы

Бороо, үүл, цас, салхигүй хотод

Би лав үлдэж чадахгүй 

Чи зовоож ирсэн шигээ зовоогоод явах гээд байна 

Анх л ийм мэдрэмж байсан

Яаж би чиний дотор орж суулаа

Ямар их хичээлээ

Би чамайг яаж хайрлалаа

Энэ удаа үнэхээр тамхилахаар гарааагүй байхвы гэж айж байна 

Wednesday, March 30, 2022

Чамайг дахин инээлгэхийн төлөө би юу хийх вэ?

Нэг л өдөр чи инээхээ больчихсон

Бараг л ахиж хэзээ ч инээхгүй юм шиг 

Үхтэлээ дэргэд чинь байх уу

Ахиад эхнээс нь эхлэх үү

Яавал чи дахин инээх вэ?

Буцаад тэр эмэгтэй болох уу?

Бороонд алхаж, хамтдаа зураг зурж

Чамайг нэг инээлгэж, нэг уурлуулж

Нүдээ аниад хамтдаа мөрөөдөх үү

Нэгэн зүүд зэрэг зүүдлэх үү?

Яавал чи дахин инээх вэ?

Үнэхээр уйлмаар байна  чи инээхгүй байх ...

 


Saturday, January 29, 2022

Нээх шооч хүнд

 Хэдэн настай байсан юм бол? Таньтай анх таарахад, жаахан бодоход ч санах л байх, гэхдээ залхуу хүрч байна тэрийг санахаас. Ямартай ч 27-той үе байсан. Тэр үеэс би жинхнээсээ амьдарч эхэлсэн ч юм шиг. Эсвэл тэр үед үхээд ахиад шинэ хүн болсон ч юм шиг. 

Хүйтэн өдөр гандан дотор хамт алхаж байснаа санаж байна. Дэврүүн байж ээ. Би гэхдээ ингэж сүүлийн үед их бодох боллоо. "Дэврүүн байж ээ" гэж. Гэж бодно гэхээр би дэврүүн биш болсон гэсэн үг үү. Гээд бодохоор бас үгүй ч юм шиг. Гэхдээ л их бодож байгаа. 

Таныг үхтлээ догдлоод, түүнийгээ нууж ядаж байгаа царайг чинь санаж байна. Таныг ер нь үе үе санадаг гэдгийг та мэдэх үү. Эсвэл намайг таныг бүүр таг мартаад, өөр зүйлд дурлаад, цээжнийхээ мухарлуу шидчихсэн гэж боддог уу. Миний энэ байгаа одоогийн би таниас эхлэлтэй, таны бүтээл байхад би яаж таныг мартах билээ дээ. 

Баяр бүрээр, заримдаа ямар ч шалгаангүй үед ч надад зөвхөн надад гэж сонгож өгсөн бэлэгнүүдийг чинь санаж байна. Магадгүй зарим номнууд дээр нэр байхгүй учраас алийг нь өгсөн билээ гэж санахгүй байж мэдэх ч хөгжим, тээрэм, номын хавчуургууд, цэцэгнүүд, дугтуй задлагч, аяга, өдтэй үзэг гээд бүгдийг нандигдан хадгалдаг. Өө тийн, дугтуй задлагчийг бараг дээрэмдэх шахаж авчихаад хэнд ч билээ алдчихсан ш дээ. Муу хүн л дээ би. Гэхдээ биет бэлэгнээс илүү таны надад өгсөн тэр "зүйл" намайг өөрийгөө хайрлахад сургаж, насан туршдаа хамт байх хоббитой болгож, үрчлээтсэн ч гэсэн өөртөө дуртай болгосон билээ. 

Хамтдаа сууж байгаад хэн нэгнийг хоржоонтой шоолж байгаа чинь, 27 настай ч гэнэн хэвээрэй байгаа тэнэг жаахан охины утгагүй яриаг цэг таслалгүй амьсгаа даран сонсдог байсан чинь, хүүхдүүддээ төсөөллийн ертөнцийг нь бий болгож өгдөг тань, өөрөө бас түүндээ хүүхдүүд шигээ хөөрчихдөгт чинь, Энно Мориконод дуртай байдагт чинь, миний үг үсгийн алдааг шүүмжилдэгт чинь, Өлзийтөгсд дургүй байдагт чинь, тамхийг үзэн яддагт чинь гээд дуусахгүй олон зүйлд тань дуртай шүү. 

Өдөр бүр сонин гарчиглаад, кофегоо чанаж уугаад, ажилруугаа алхангаа гудамжаар яваа хэн нэгнийг хөгжилтэйн аргагүй өөрийнхөөрөө нэр өгчихсөн шоолж яваа байх даа.