Хэдэн настай байсан юм бол? Таньтай анх таарахад, жаахан бодоход ч санах л байх, гэхдээ залхуу хүрч байна тэрийг санахаас. Ямартай ч 27-той үе байсан. Тэр үеэс би жинхнээсээ амьдарч эхэлсэн ч юм шиг. Эсвэл тэр үед үхээд ахиад шинэ хүн болсон ч юм шиг.
Хүйтэн өдөр гандан дотор хамт алхаж байснаа санаж байна. Дэврүүн байж ээ. Би гэхдээ ингэж сүүлийн үед их бодох боллоо. "Дэврүүн байж ээ" гэж. Гэж бодно гэхээр би дэврүүн биш болсон гэсэн үг үү. Гээд бодохоор бас үгүй ч юм шиг. Гэхдээ л их бодож байгаа.
Таныг үхтлээ догдлоод, түүнийгээ нууж ядаж байгаа царайг чинь санаж байна. Таныг ер нь үе үе санадаг гэдгийг та мэдэх үү. Эсвэл намайг таныг бүүр таг мартаад, өөр зүйлд дурлаад, цээжнийхээ мухарлуу шидчихсэн гэж боддог уу. Миний энэ байгаа одоогийн би таниас эхлэлтэй, таны бүтээл байхад би яаж таныг мартах билээ дээ.
Баяр бүрээр, заримдаа ямар ч шалгаангүй үед ч надад зөвхөн надад гэж сонгож өгсөн бэлэгнүүдийг чинь санаж байна. Магадгүй зарим номнууд дээр нэр байхгүй учраас алийг нь өгсөн билээ гэж санахгүй байж мэдэх ч хөгжим, тээрэм, номын хавчуургууд, цэцэгнүүд, дугтуй задлагч, аяга, өдтэй үзэг гээд бүгдийг нандигдан хадгалдаг. Өө тийн, дугтуй задлагчийг бараг дээрэмдэх шахаж авчихаад хэнд ч билээ алдчихсан ш дээ. Муу хүн л дээ би. Гэхдээ биет бэлэгнээс илүү таны надад өгсөн тэр "зүйл" намайг өөрийгөө хайрлахад сургаж, насан туршдаа хамт байх хоббитой болгож, үрчлээтсэн ч гэсэн өөртөө дуртай болгосон билээ.
Хамтдаа сууж байгаад хэн нэгнийг хоржоонтой шоолж байгаа чинь, 27 настай ч гэнэн хэвээрэй байгаа тэнэг жаахан охины утгагүй яриаг цэг таслалгүй амьсгаа даран сонсдог байсан чинь, хүүхдүүддээ төсөөллийн ертөнцийг нь бий болгож өгдөг тань, өөрөө бас түүндээ хүүхдүүд шигээ хөөрчихдөгт чинь, Энно Мориконод дуртай байдагт чинь, миний үг үсгийн алдааг шүүмжилдэгт чинь, Өлзийтөгсд дургүй байдагт чинь, тамхийг үзэн яддагт чинь гээд дуусахгүй олон зүйлд тань дуртай шүү.
Өдөр бүр сонин гарчиглаад, кофегоо чанаж уугаад, ажилруугаа алхангаа гудамжаар яваа хэн нэгнийг хөгжилтэйн аргагүй өөрийнхөөрөө нэр өгчихсөн шоолж яваа байх даа.
Энэ бичвэр дээрх хүн их буянтай хүн шүү... миний найзад их хэрэгтэй, тустай, юутай юутай байсандаа
ReplyDelete