Sunday, July 28, 2013

Танихгүй гэрч.



Дүүргийн Иргэний бүртгэлийн газар, Гэрлэлт бүртгэх цонх:
Нийслэлийн аль ч дүүргийн Тамгын газар хөл толгой нь олдохгүй их хүнтэй байдаг. Зөрөлдсөн олон хүний шүргэлцээн, шаагилдсан их хүний дууг тэнд л сонсож харж болно. Гэхдээ яахав Тамгын газрын нэг цонхны үйлчилгээний бүх цонх оочиртой байна гэсэн үг биш л дээ. Жишээ нь Гэрлэлт бүртгэх, батлах үйлчилгээ үзүүлэх цонх бол бараг л иргэдийн дараалалгүй байдаг. Өнөөдөр ч мөн адил.
Зуны халуун өдрүүдийн нэг. Гэр бүлээ батлуулах гэсэн 2 өөр хос бүртгэлийн ажилтныг ажилдаа ирэхийг хүлээн зогсоно.
Нэгдүгээр хос: Хорин таваас гуч орчим насны залуус. Харагдах байдлын хувьд дундаж давхаргаас арай дээгүүр боломжийн амьдралтай гэмээр хувцаслаж, биеэ авч явна. Дурлалт залуу хосууд бололтой, одоогоор хүүхэдтэй болж амжаагүй нь мэдэгдэхүйц анзаарагдана. Тэд үе үе аз жаргалтай инээмсэглэн, гар гараасаа чанга атган гэрэл цацруулна. Гэрлэлтээ батлуулах гэж байгаадаа тун л баяртай байгаа нь илт. Тэдний гэрлэлтийг гэрчлэхээр 2 гэр бүлийн найз нь иржээ. Гэр бүл болох гэж байгаа найзуудынхаа зургийг авч өгөн, баяр хөөртэйгээр инээлдэнэ. Тамгын газарт байгаа тэр их улс дотор хамгийн л аз жаргалтай хос. Бүртгэлийн ажилтан ч ирж, тэдний гэр бүлийг батлахад асуудал байгаагүй тул төд удалгүй гэрлэлтийг нь бүртгэж авав. Хосууд болон тэдний гэрчүүд хамтран баяр хүргэцгээж, хосууд бие биенээ үнсэссээр бүртгэлийн газраас гарч одов.

Хоёрдугаар хос: Эхний хосуудтай нас нээг их зөрөхөөргүй үе тэнгийн залуус байлаа. Тэд дундаж давхаргын, идэх уух, өмсөх зүүхээр дутахааргүй, хоюул тодорхой ажил эрхэлдэг, бага насны нэг хүүхэдтэй болох нь тэдний ярианаас болон биеэ авч яваа байдал харагдах байдлаас анзаарагдана.
Гэвч гэрлэлтээ батлуулах гэж байгаа хосуудаас нэг ялгаатай зүйл тэдэнд байлаа. Тэр бол царайны хувирал. Тэд баяр баясгалангүй харагдана. Урд өдөр нь эсвэл ирж явах замдаа маргалдсан байж болох л юм. Зан харилцаа, хандлагыг нь харахад өдий насны хүмүүс нэг хүүхэдтэй гэхэд эрт гэр бүл зохиож, анхны учирлуудаараа гэр бүл болцгоосон гэхэд эргэлзээгүй. Тэд нэг л хөндий, хүйтэн харагдана. Залуу гэр бүлийн хооронд маргаан алийг гэхэв гэхэд гэр бүлээ батлуулах гэж байгаа гэхэд арай л хөндий. Албан хүчээр мэт л харагдана. Тэдний гэр бүлийн гэрч болохоор нэгэн бүсгүй иржээ. Хосын эмэгтэйн найз бололтой, тэд үе үе хуучлана. Хосын эрэгтэй нь бүртгэл дээр асуудал гараад байгаа бололтой ийш тийш холхин, энд тэндээс янз бүрийн зүйлс сураглана. Хосуудын гэрч түр нэг тийшээ явжээ. Тэр хооронд хосууд ийн ярилцав:
Эмэгтэй: “Гэрлэлт батлахад заавал 2 гэрч шаардлагатай гэвэл яах болж байна? Эгчийгээ сэрээгээд аваад гарахгүй” гэж уцаарлан хэлэхэд

Эрэгтэй: “Энэ хавиас л нэг хүн олчихъё” гэж мөн л уцаартай, тоомжиргүй хариулна

Эмэгтэй: “Юун энэ хавиас хүн олох, танихгүй хүнээр гэрчлүүлэх хэрэг үү?”

Эрэгтэй: “Одоо тэгэхээс яахав, яагаад болдоггүй юм?”

Эмэгтэй: “...................Салахаар бол анх гэр бүл болоход гэрчилж байсан хүмүүсгүй бол салгадгүй юм. Тэр хүнээ дараа нь яаж олох болж байна” гэж  сонин асуулт маш хурдан  асуув.

Эрэгтэй: “Чи чинь юу яриад байна аа, Сална гэж бодоод батлуулах болж байна уу” гэж  ууртайгаар хэлчихээд хаа нэг тийшээ яваад өгөв.
Маш сонин харилцан яриа. Эмэгтэй үнэхээр хэзээ нэгэн цагт сална гэж бодож байна уу, эсвэл амьдралд юу ч тохиолдож болно гэж болгоомжилсон уу бүү мэд. Ямартай ч хачин асуулт.
Тэд гэрлэлтээ асуудалгүй батлууллаа. Танихгүй гэрч ч хэрэг болсонгүй. Таньдаг нэг гэрчээрээ гэрлэлтээ гэрчлүүллээ. Нэг цэнхэр жижиг дэвтэр дээр “Гэрлэлтийн баталгаа” гэсэн байв.  Хосуудын гэрч эмэгтэй их л баярлан, тус тусад нь баяр хүргэнэ. Харин хосууд баяртай харагдсангүй. Өдөр дутам тохиолддог үйл явдал шиг. “Би баяртай байна аа, та 2н гэрч болсондоо, сэтгэл бүүр догдолчихлоо” гэж гэрч бүсгүй хэлсээр тэд бүгд гарч одов.

Friday, July 26, 2013

өөр хүний амьдрал



Цонхоор сонсогдох барилгын ажил хийж буй чимээ
Гадаа халуун, бүгчим. Угаасаа халуунд, хурц наранд дургүй. Тод өнгөнд  дургүй болоод нэлээн удаж байна.
Тод өнгөнөөс зугатаах нь амьдрахаас зугатаахтай л адил. Амьсгалж буй минь үнэн ч амьдарч буй минь.............
Хамааралгүй л баймаар байна. Би хэн нэгнээс, хэн нэгэн надаас. Тийм л болчихвол хоргодоод байх зүйл алга байхсан. Дүүрэн дүр эсгэсэн амьдрал.
Гэрээс гарахдаа дүр эсгээд хувцаслаад, бас будаал гарна. Гудамжинд дүр эсгэн алхана. Хэн нэгэнтэй уулзана, бас л дүр эсгэсэн яриа. Салаад гэрлүүгээ ирнэ. Гэртээ ирээд хоолоо хийгээд гэрийн эзэгтэйн дүр эсгэлт. Хаана нь би байж, хаана өөр хэн нэгэн байгааг мэдэх юм алга.
Би угаасаа сул дорой хүн. Зориггүй, хулчгар, бас дүр эсгэгч. Өөрийнхөөрөө биш өрөөлийн амьдрал биеэр амьдрагч. Сүнсээрээ биш махан биеэрээ. Зүрхээрээ биш ухаанаараа.
Заримдаа энэ барилгын чимээ сайхан санагдах. Нэгэн хэвийн бас чанга, өөр зүйл сонсох шаардлагагүй. Гэхдээ бүүр юу ч юу ч сонсогдохгүй байсан нь  гоё. Бүүр юу ч шүү.
Их юм бодохгүйн тулд биеийн хөдөлмөр хийнэ, хөлс дуслана. Юм бодохгүйн тулд шүү дээ. Юу ч бодохгүй байхдаа би махан биеэрээ амьдарч амьсгалдаг. Энэ хаяада үнэхээр амар. Яг л үхдэл шиг. Юм бодоод ирэхээрээ сүнс маань махан биенээсээ гарах гээд тийчлээд, оюун санаа намайг бачууруулдаг. Угаасаа гараад явчихаж чадахгүй, чөлөөлөгдөж чадахгүйгээс хойш бодохгүй байсан нь дээр. Аясаараа, удаан, алгуур юу ч юм угаасаа миний биш өөр хүний амьдрал юм чинь.

wedding

Хурим болох нь....
Би хуримлах нь...
Би сүйт бүсгүй, хуримлагч, гэргий болох нь....
Цагаан урт даашинз,
Хуримын ая
Цугласан олон
Сэтгэл хөдлөл алга
Огтоос