Friday, July 26, 2013

өөр хүний амьдрал



Цонхоор сонсогдох барилгын ажил хийж буй чимээ
Гадаа халуун, бүгчим. Угаасаа халуунд, хурц наранд дургүй. Тод өнгөнд  дургүй болоод нэлээн удаж байна.
Тод өнгөнөөс зугатаах нь амьдрахаас зугатаахтай л адил. Амьсгалж буй минь үнэн ч амьдарч буй минь.............
Хамааралгүй л баймаар байна. Би хэн нэгнээс, хэн нэгэн надаас. Тийм л болчихвол хоргодоод байх зүйл алга байхсан. Дүүрэн дүр эсгэсэн амьдрал.
Гэрээс гарахдаа дүр эсгээд хувцаслаад, бас будаал гарна. Гудамжинд дүр эсгэн алхана. Хэн нэгэнтэй уулзана, бас л дүр эсгэсэн яриа. Салаад гэрлүүгээ ирнэ. Гэртээ ирээд хоолоо хийгээд гэрийн эзэгтэйн дүр эсгэлт. Хаана нь би байж, хаана өөр хэн нэгэн байгааг мэдэх юм алга.
Би угаасаа сул дорой хүн. Зориггүй, хулчгар, бас дүр эсгэгч. Өөрийнхөөрөө биш өрөөлийн амьдрал биеэр амьдрагч. Сүнсээрээ биш махан биеэрээ. Зүрхээрээ биш ухаанаараа.
Заримдаа энэ барилгын чимээ сайхан санагдах. Нэгэн хэвийн бас чанга, өөр зүйл сонсох шаардлагагүй. Гэхдээ бүүр юу ч юу ч сонсогдохгүй байсан нь  гоё. Бүүр юу ч шүү.
Их юм бодохгүйн тулд биеийн хөдөлмөр хийнэ, хөлс дуслана. Юм бодохгүйн тулд шүү дээ. Юу ч бодохгүй байхдаа би махан биеэрээ амьдарч амьсгалдаг. Энэ хаяада үнэхээр амар. Яг л үхдэл шиг. Юм бодоод ирэхээрээ сүнс маань махан биенээсээ гарах гээд тийчлээд, оюун санаа намайг бачууруулдаг. Угаасаа гараад явчихаж чадахгүй, чөлөөлөгдөж чадахгүйгээс хойш бодохгүй байсан нь дээр. Аясаараа, удаан, алгуур юу ч юм угаасаа миний биш өөр хүний амьдрал юм чинь.

No comments:

Post a Comment