Би хүүхэд байхдаа усаар байлдаж чаддаггүй байлаа. Бас хөөцөлдөж ч тоглодлоггүй байсан. Багахан эрсдэл, сөргүүлэг гаргахаар тоглоомонд оролцоггүй байсан гэсэн үг.
Миний амьдралд эсэргүүцэл, сөргүүлэг гэж байсангүй. Бүх зүйлд аясыг нь харах, эсвэл зүгээр л орхих гэсэн сонголт хийдэг байсан. Одоо ч тэр.
Намайг хүн гаднаас минь хараад чалчаа, илэн далангуй, хүнтэй хэл амаа хурдан олдог, хэн нэгэнтэй амархан ойртож нөхөрлөдөг ер нь бол "нээлттэй хүн" гэж хардаг. Би ч өөрийгөө "би бол нээлттэй хүн" гэж зарласаар, бодсоор ирсэн.
Саяхан хамгийн ойрхон бөгөөд хамгийн удаан найзлаж байгаа найзтайгаа ярьж суугаад маш сонин дүгнэлтэнд хүрсэн. Тэр найз маань хэзээ ч хурдан хүнтэй найзалдаггүй, ааш муутайдуу, гэхдээ харьцдаг хүмүүстэйгээ чухам нээлттэй хүн л дээ. Тэр хэзээ ч өөрийнхөө зөв юмуу, хэлэх шаардлагатай зүйлсийг хэлэлгүй өнгөрөөдөггүй юм. Бүр үргэлж шүү. Тэр надад ч юу бодож байгаагаа намайг гомдох, юм бодохвы гэж бодолгүй хэлчихдэг. Би заримдаа бүүр цочирддог.
Ингээд бодоод байсан надад хэд хэдэн тийм найзууд байна аа. Шууд л "Баярцэцэг ээ, энэ чинь надад таалагдахгүй байна, ингэхээ боль..." гэдэг ч юмуу, ямартай ч өөрийнхөө юу бодож байгаагаа шууд л хэлчихдэг. Зарим нь бүүр олон хүний дунд ч хэлчихдэг. Тэр найзууд маань харин огт нээлттэй биш, хаа хамаагүй хүмүүстэй чалчиад байхгүй, олны дунд ороод гол дүр болоод бужигнуулаад байхгүй, түрүүлж алхам хийдэггүй хүмүүс. Надад байдгүй тэр занд нь болоод би тэдэнд хайртай байдаг байх. Харин тэр "шууд хэлдэг" гэсэн чанарууд нь намайг заримдаа голд минь ортол гомдоодог. Сайндаа ч биш би өөрөө л гомдчихдог хэрэг. Тэд бол ингэж бодно гэхгүй л хэлж байгаа юм, би өөрөө тийм биш болохоороо л цочирдсондоо гомдчихдог байх.
Угаас миний "уурлах" гэдэг зан бүхэлдээ "гомдох" гэдэг зангаар солигдсон байгаа юм. Нөгөө алдарт "нээлттэй хүн" чинь хаачив? Дуугаа хураагаад, юу ч болоогүй юм шиг дүр эсгээл, юугч шийдэхгүй зөнд нь хаячихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл "ХУЛЧГАР" гэсэн үг.
Хүн таагүй байгаагаа, өөрт таалагдахгүй байгаагаа, эвгүй байгаагаа, гомдож байгаагаа, уурлаж байгаагаа хэлэхгүй байгаад байхаар эцэстээ зүгээр л дотогшоогоо амсартай сав болж байгаа юм. Гадагшаагаа юу ч хальж асгарахгүй. Зөвхөн гаднаас л янзан бүрийн юм ороод л байдаг. Хэзээ ч дүүрэх юм байгаан бүү мэд? Ингэж өөрийгөө дотогшоо амсартай сав болсоноо саяхан л мэдэж авсан юм. Энэ их бугшилт сүүлдээ амьдралаас залхах, бүх зүйл хий хоосон санагдах, бүх хүмүүс хуурамч утгагүй харагдах юм билээ. Өөрөө ч энэ байдалдаа дуртай байх шиг, дасах ч шиг.
Гэхдээ ганцаардаад, тэсэхээ байгаад ирэхээр юу ч гадагшаа гарч өгөхгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Гаргаж чаддаггүй чанар угаас миний хүүхэд байхад бүрэлдсэн зан байж.
7-р ангид байхад манай ангийн миний сайн найз намайг шоглоод би баахан уйлаад, гэхдээ би өөрөө тэрэнд гомдсон тухайгаа юу ч хэлээгүй, 1-р курсэд байхад миний бас л сайн найз миний куртикийг нуугаад гэртээ өвлийн хүйтэнд нүцгэн харихаа шахаад баахан уйлаад бас л юу ч хэлээгүй, 5-р курсэд байхад миний бас л найз миний дипломны ажлын орчуулгыг эгчээрээ хийлгэж байгаа гээд бүтэн 2 сар таг нууж байгаад хийгээгүй гэж хэлэхэд би бас л юу ч хэлээгүй. Үүнээс хойш ийм явдлууд болсоор л байсан.
Тэдэнд яагаад уурлаж чаддаггүй байсан нь бүгдэд өөрийгөө буруутгаж байсантай л холбоотой. Би л буруутай учраас ийм явдал болсон, эсвэл тэрэнд үнэхээр тэгэх шалтгаан байсан ч гэж бодож, уурлаж чаддагүй байсан юм.
Уур гомдол болсон нь, таагүй байдлаа хэзээ ч хэлдэггүй байсан нь, хэн нэгэнд бодож байгаагүй шууд хэлчихдэггүй нь, асуудлыг зөнд нь орхидог нь бүгд л ганцхан шалтгаантай. Тэр бол "ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БАЙДАЛ". Би хэрвээ жоохон ч гэсэн өөртөө итгэлтэй байсан бол ядаж ганцад нь үгүй, би тэгэж бодохгүй байна, энэ надад таалагдахгүй байна, би чамд уурлаж байна гэж хэлэх байсан бизээ.
Цаг үргэлж дотогшоогоо болж байгаа би, өөртөө итгэх итгэлийн хэлтэрхийг ч олж чадахгүй байгаа би цаашдаа энэ шалбаагандаа байсаар л хэн нэгэн, эсвэл цаг хугацаа шийдэхийг хүлээн суух....
Гаднаа хэний ч чадахгүй тэр их "нээлттэй зан"-г бий болгочихоод дотроо ямар их хар бараан, гүнзгий, нүүгэлсэн хүн байснаа саяхан л ойлгож байгаадаа харамсаж байна.
Ямартай ч "хаалттай, хаалттай хүн" болохоосоо өмнө өөртөө итгэх итгэлийг олж авах эрэлд гарахаар шийдсэн.
No comments:
Post a Comment