Sunday, November 30, 2014

Төрсөн өдөрт чинь

Төрсөн өдрөөр чинь:
                 цас орж байна
                 өвөл эхэлж байна

Төрсөн өдрөөр чинь:
                 намрын жавар өвлийн жавраар солигдож
                 дэлхий даяараа өвлийг мэдэрч байна


Ингээд болоод өнгөрдөг биш, урьдын адил ч биш. Энэ өдөр дэлхий тэр чигээрээ, цаг хугацаа  ч тэр хором зогсож, нэг хүн хорвоод мэндэлснийг, басхүү сайхан насан дээрээ явж байгааг, цаашид илүү сайхан зүйл хүлээж байгааг нь хэлэх гэж ертөнц бүхэлдээ дуу нэгтэйгээр түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж байна. 

Цасны ширхэгүүд хэсэг бүлгээрээ бүжиглэн, үзэсгэлэнт талстуудаараа таньд бэлэг барьж байна. Өвлийн тэсгим агаар хамар цоргиулж, бүх зүйлийг хамгийн цэнгэг болгож таньд бэлэг барьж байна. Тэнгэрийн одод цасны ширхэг өвлийн агаарын ачаар хамгийн тодоороо гэрэлтэж, гялбаа бүрээрээ дуулж өгч байна. Эрхэмсэг нар хүртэл цацрагаараа зураг зурж таньд бэлэг бэлдсэн байна. Хавирган сар баярласандаа жаахан халамцсан бололтой инээмсэглэн найгаж байна. ДЭЛХИЙ таньд баяр хүргэж байна.

Monday, November 24, 2014

Захидал /чи би байсан бол/

Хайрт Тори минь

Өөрийн сэтгэл доторхоо
Өөр хүний үгээр илэрхийлээд нэг үзье.

Чамайг мэддэг болоод бараг жил болчихож. Харин сэтгэл дотроо үүр засаад амьдруулсан хугацааг харин барагцаалж мэдэхгүй юм. Ямар  ч байсан одоо чи тодорхойлж, илэрхийлж чадахгүй ч нэг тийм чухал хүн минь болжээ.

Уулзахгүй, ярихгүй удахад хэцүү байдаг гэж хэлэхгүй ч ямар ч байсан зүгээр лав байдаггүй. Би 27-той биш учраас бүх зүйлийг мэдэрч, мэдэрснээ илэрхийлж, дүгнэлт хийж тодорхойлох боломжгүй болчихсон байх. Гэвч чи энэ бүгдийг надаар хэлүүлэлтгүй мэддэг, мэдэрдэг гэдэгт би итгэдэг.

Хайрладаг, дурладаг гэж хэлж чадахгүй ч чамд санаа зовж, сайн яваасай, сайхан амьдраасай, битгий өвдөөсэй, битгий уйлаасай гэж хүсдэг. Энэ хүсэл яг юу болохыг мэдэхгүй юм. Бас чамайг надад үнэн сэтгээлээсээ санаа зовоход чинь сэтгэл дотор нэг зүйл халуунаар мэдрэгддэг.

Нэг бол 18-тай охин шиг, нэг бол 30-тай эмэгтэй шиг байдагт чинь дуртай, хайр хүргэм инээд, бас бага зэрэг төвөгтэй ч хэрэгт дуртай занд чинь ч дуртай байж мэдэх юм. Бүгд л чамайг цогцлоодог.

Миний зүрхэн дотор зассан үүрээ хэзээ орхиод явахыг чинь мэдэхгүй тэр үед магадгүй хэцүү байх л байх. Ирээдүйд болох зүйлийн төлөө одоо санаа зовдоггүй болохоор одоо байгаа нь чухал байна. Одоо чи надтай ойрхон байгаа нь чухал байна.

Үргэлж инээд хөөр бэлэглэж,  залуу насыг минь санагдуулж, одоо байгаа насыг минь мартуулж, догдлол мэдрэмжийг мартуулалгүй зүрхийг минь залуу чигээр нь байлгаж байгаад баярлалаа гэж хэлье.

.....

Thursday, November 13, 2014

Адилхан өвдөлт

Шөнө:
Шөнө дунд сэрнэ, хөрвөөнө, юу зүүдэлж байснаа санах гэж хичээнэ.
...... Метро, бүгчим, бас таагүй үнэртэй. Яваад л байна...
......Замууд, дээр дээрээс давхралдсан гүүрэн замууд....
......Танихгүй, дасаагүй ертөнц, ойлголцохгүй, бас учраа олохгүй....


Эргээд унтах гэсэн ч .........

Өдөр:
Өдөржин толгой өвдөнө. Өвдөлт нь нэмэгдэнэ. Энэ бол бага, зүгээр гэж бодно.
Дусал залгуулаад нэг нэгээр дусалж байгааг нь тоолно, судасруу зүү орж байгааг, цусаа соруулж өөр шингэн зүйлрүү уусан орж байгааг харах, нүд баясгам. Спиртний үнэр, цусны үнэр мансууруулам.

Юу ч өөрчлөгдсөнгүй.......


Сэтгэл тайвшруулах ганц зүйл: "Тэр ч бас ингэж өвддөг"