Хайрт Тори минь
Өөрийн сэтгэл доторхоо
Өөр хүний үгээр илэрхийлээд нэг үзье.
Чамайг мэддэг болоод бараг жил болчихож. Харин сэтгэл дотроо үүр засаад амьдруулсан хугацааг харин барагцаалж мэдэхгүй юм. Ямар ч байсан одоо чи тодорхойлж, илэрхийлж чадахгүй ч нэг тийм чухал хүн минь болжээ.
Уулзахгүй, ярихгүй удахад хэцүү байдаг гэж хэлэхгүй ч ямар ч байсан зүгээр лав байдаггүй. Би 27-той биш учраас бүх зүйлийг мэдэрч, мэдэрснээ илэрхийлж, дүгнэлт хийж тодорхойлох боломжгүй болчихсон байх. Гэвч чи энэ бүгдийг надаар хэлүүлэлтгүй мэддэг, мэдэрдэг гэдэгт би итгэдэг.
Хайрладаг, дурладаг гэж хэлж чадахгүй ч чамд санаа зовж, сайн яваасай, сайхан амьдраасай, битгий өвдөөсэй, битгий уйлаасай гэж хүсдэг. Энэ хүсэл яг юу болохыг мэдэхгүй юм. Бас чамайг надад үнэн сэтгээлээсээ санаа зовоход чинь сэтгэл дотор нэг зүйл халуунаар мэдрэгддэг.
Нэг бол 18-тай охин шиг, нэг бол 30-тай эмэгтэй шиг байдагт чинь дуртай, хайр хүргэм инээд, бас бага зэрэг төвөгтэй ч хэрэгт дуртай занд чинь ч дуртай байж мэдэх юм. Бүгд л чамайг цогцлоодог.
Миний зүрхэн дотор зассан үүрээ хэзээ орхиод явахыг чинь мэдэхгүй тэр үед магадгүй хэцүү байх л байх. Ирээдүйд болох зүйлийн төлөө одоо санаа зовдоггүй болохоор одоо байгаа нь чухал байна. Одоо чи надтай ойрхон байгаа нь чухал байна.
Үргэлж инээд хөөр бэлэглэж, залуу насыг минь санагдуулж, одоо байгаа насыг минь мартуулж, догдлол мэдрэмжийг мартуулалгүй зүрхийг минь залуу чигээр нь байлгаж байгаад баярлалаа гэж хэлье.
.....
No comments:
Post a Comment