Saturday, September 19, 2015

Удахгүй цас орох байх даа

Өвөл болох тухай бодоход л даараад эхлэх юм, харанхуй хүйтэн шөнүүд.
Хүүхэд нас, гэрээ санаж байна, хүүхэд насаа санаж байна.
Орхиод явсан хүмүүсийг санаж байна
Тэдний үлдээсэн хүмүүсийн төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа харамсаж байна
Удахгүй цас орох гэж байгаад харамсаж байна
Сэтгэл гутралын өвчнөөсөө үүрд мөнх салчих юмсан
Бас мартах ёстой зүйлсийг мартаж чадахгүй байгаадаа бачуурч байна

Хүсээд байгаа зүйлсийнхээ төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа
Хийсэн зүйлс нь хэзээд бүтэлтэй болж өгөхгүй байгаадаа
Хэтэрхий хувиа хичээсэн хүн гэдэгтээ
Орхиод явчихмаар үе үе санагддаг муухай бодолдоо
Энэ үед зөвхөн ээж, охин хоёр л бодогдоод байдагтаа
Үргэлж л ингээд гутраад байдагтаа
Арай илүү хичээхэд хүрээд ирэх тэр хүслийг хараад
Юу ч хийдэггүйгээ

Би өөрийгөө бүхэлд нь өөрчилмөөр байна

Цасанд дуртай болж, юунд ч шуналгүй болж, аливаа зүйлийг сэтгэлээсээ гаргаж хаяж, бас бусдыг хайрлаж, өөрийгөө ч хайрлаж сурмаар байна

Дээх нь




Тэгэж их уйлаад дараа нь инээж чадах
Тийм их зориг надад байсангүй

2013.03.14 

Friday, September 18, 2015

Үхлийн тухай ярилцав

Миний тэвчээрийг, амьсгалыг, зүрхний минь цохилтыг хүртэл
Өдөр бүр, нэг давтамжтайгаар, яг нэг хэмнэлээр чи идэж байна
Би чив чимээгүйгээр, чамаар өөрийгөө дуусгуулж байна
Магад энэ өвдөлт, миний хамгийн амар амгалан үхэл ч байж мэдэх
Энэ үхлийн тухай энгийн хүмүүстэй ярилцав
Үхэл тэднээс хол бололтой

Надаас шалтгаалахгүй энэ уусалт, сарнилт
Намайг чамаас холдуулах эцсийн боломж ч байж мэдэх
Үүнээс өөр хэн хэн нь шархдахгүйгээр, илүү өвдөхгүйгээр
Хагацах зам байхгүй бололтой

Цээжний минь цаана хөндий хоосон, уугих утаа
Чиний цээжний цаана хамгийн хэцүү шаналалууд
Миний тэжээсэн өвдөлтүүд
Чамайг ч бас би идэж байна

Tuesday, September 15, 2015

Чимээгүй байя

Нэг хэсэг, юу ч гэсэн, чамайг тайвширтал
Чимээгүй байя

Хэтэрхий өөр, эсвэл хэтэрхий адилхан болохоор
Хамт байх нь боломжгүй гэдгийг
Чи өөрөө ойлготол
Чи өөрөө бууж өгтөл
Чимээгүй байя

Уруулаа будахаа больсныг минь
Инээмсэглэхээ больсныг минь
Анзаартал чинь
Чимээгүй байя
Энэ бүгд надаас бас чамаас болсон гэдгийг
Ухаартал чинь
Чимээгүй байя


Saturday, September 5, 2015

Уугих утаа

Тэгтлээ их хүсээд байдаггүй
Тэр амтыг
Харин үзэсгэлэнтэйгээр уугих
Тэр утаанд
Намайг үүлсэнд хөвүүлэх
Тэр сарнилтанд
Түүнд л дуртай

Магадгүй толгой эргэж,
Зүүрмэглэхдээ
Бүх зүйл хоосон гэдгийг
Мэдрүүлдэг ч байж мэдэх
Түүнд л дуртай

Thursday, September 3, 2015

Нүдэн дэх үүлс

Намайг хардаг тэр харц:

Гүнээс гүн хөх далай шиг
Хамгийн өндөр цаст оргил шиг
Төгс үзэсгэлэнт үүлс шиг
Тэвчилгүй алдрах сэтгэл шиг

Тэр харц намайг
Үнсдэг, энхрийлдэг, бас эрхлүүлдэг
Тэр харц намайг
Хамгийн зөөлнөөр хайрладаг

Тэсгэлгүй уйлмаар
Бүх хүлээсийг орхиод
Бүх л өдөржин
Огтоос чимээ гаргалгүй
Нүдэн дэх үүлсийг дэрлээд
Хамгийн сайхан ертөнцөд оччихоод ирмээр


Энэ нэг давааг


Салхи салхилах юм, хүчтэйгээр, өдөрт хэд хэдэн удаа. Жаахан л тэвччихвэл энэ давааг давчихвал, ахиад нэг даваа за яахав энийг л давчихвал....
Зөв замаар явж байгаадаа, зөв давааг давж байгаадаа, зөв зүйлийг тэвчиж байгаагаа мэдэхгүй юм. Тэр чигээрээ, бас чимээгүйгээр, уйлалгүйгээр яваад л байдаг. Замын хажуугаар өнгөрөх бусдын инээд, аз жаргал, хамгийн чухал мэдрэмжүүд.
Хамгийн хэрэггүй, бас тэвчээр алдмаар, давчидмаар тийм зүйлсийг хамгийн ойр байлгаж байгаа нь намайг өөрөөс минь холдуулж байна.