Tuesday, December 26, 2017

Мууртай залууд


Тэр яваад өгсөн, гэнэт л
Би зөндөө уйлаад
Түүний үнэрийг санаад
Түүний гунигтай харцыг санаад
Үзэн ядаад, гомдоод, гомдолтой санагдаад
Чиний араас хэдэн өдөр үсээ тоолж суусан
Дурсамж дотроосоо чамайг хайгаад
Эрээд, эрээд чамайг би олоогүй
Чи үнэхээр л явчихсан байсан

Зул сарын өдөр, гэнэт л
Чи хүрээд ирсэн
Тэр зөвхөн тамхилахаар гарсан гэнэ


Хамтдаа нүдээ аниад дэлхийг тойрсон
Цастай өдөр, чиний гарыг илээд, үсийг чинь оролдоод
Шөнөжин суусан
Ахиж битгий хэлэлгүй яваарай

Tuesday, December 19, 2017

Дутуу оргиод

Чамайг тайван байхыг харах хөндүүрлэм юм, би л зовоож байсан юм шиг
Чиний амьдрал урьдынхаараа бүүр магадгүй түүнээс ч хөнгөн үргэлжилж байхыг харах давчдуулам юм
Чамтай байсан багахан цаг хугацаа юу ч байгаагүй юм шиг санагдах юм.
Чиний нүдэнд байсан тэр багахан гуниг л намайг тэтгэж байсан юм шиг, тэр гуниг хаа нэгтэй замхран оджээ.

Дахин дахин асуумаар би хэн ч биш байсан уу, хэн нэгэн ч биш байсан уу, догдлоогүй юу, нөмөр болоогүй юу, тайтгаруулж байгаагүй юу, огтхон ч гэрэлтүүлээгүй юу, гэрэл гэсэн чинь үгүй байж уу.
Бүх зүйл дутуу оргиод, үгүй байсан ч гэсэн тэрийг сонсмоор байна.

Дөнгөж ургаж байсан цэцгийг тасалчихлаа



Чи хичнээн зөөлөн сайн хүн билээ
Зүгээр л цаг хугацаа ингээд таарчлаа

Чи бидний зам салчихлаа
Гэхдээ бас нийлсэн ч билүү
Гэрэл унтарчихлаа
Гарт чинь нямбай гэгч атгуулсан
Тэр гэрлийг унагаад хагалчихлаа, алдчихлаа

Monday, December 18, 2017

Үлдэнэ ямар нэг зүйл, гэхдээ үлдсэнгүй

Өчигдрийн бүх бичлэгийг бичиж аваад хадгалмаар байна. Хором мөч бүрийг үүрд санан дурсмаар байна.

...Чи гэрэл юм байна
....Яагаад заавал би гэж

Тэгтлээ их хэзээ догдоллоо, тэгтлээ их хэзээ сандарлаа

....Чи хамгийн сайхан амьдрах ёстой, чиний бүх мөрөөдөл биелэх ёстой, чи тийм зүйлийг хүртэх эрхтэй хүн
..... Чи тийм л зөөлөн хүн

Би өөрийн мэдэлгүй чиний гарт хүрсэн

.... Харанхуйд амьдарч байсан, тэр цаана гэрэл ассан
... Чамайг би гэрэлтүүлж чадахгүй гэхэд харанхуйлахгүй гэж найдаж байна
.....Хэн хэнд нь ямар нэг сайхан зүйл үйлдэнэ, бид таарах ёстой болохоор таарсан

Гэхдээ би гэрэлтүүлж чадсангүй


Намайг дурсаарай

Нар мандахыг харах бүрдээ намайг санаарай
Надтай хамт байсан, хамт байж болох байсан дурсамжуудыг санаарай
Нар жаргахыг харах бүрдээ намайг дурсаарай
Намар, хавар, зун хамтдаа бүтээж болох байсан өдрүүдийг дурсаарай

Гэрэл гэж эндүүрч
Гэрэлтүүлж байна гэж андуурч
Чиний төлөөх миний
Чин сэтгэлийг санаарай
Чамд туслаж, хань болж, хэрэгтэй хүн чинь байж
Чадна гэсэн бардамналаа унтраая, гэхдээ
Хаана очоод чамайг алдчихснаа
Харин чамаас асуумаар байна


Monday, December 11, 2017

Хэрэгтэй юу чамд, би

Надад хэлээч, би тийм их хэрэгтэй юу
Надаар дутаж, надаар ганцаардах уу
Миний нүдийг санах уу
Миний үнэрийг дурсах уу

Заримдаа зүгээр чам дээр очоод
Зүрхний чинь цохилтыг сонсмоор болдог
Гэвч, чин сэтгэл сайхан сэтгэл холилдоод сааралтахаас
Айсандаа, би чам дээр ч очиж чадахгүй байна


Tuesday, December 5, 2017

Цэнхэр сарны туяа

Нүдэнд дулаахан бүсгүй чи
Юунд надтай учрана вэ
Нүгэлт энэхэн хорвоод
Хоосон уйтгарлах хэцүү юм

Алгаа тоссон хүн бүхэнд
Аз жаргал заяадгүйгээс хойш
Алаг хорвоогийн манан дунд
Нүдээрээ уруул дээр чинь үнсье

Хөх тэнгэрийн уудамд
Шувууд дураараа цэнгэдэг юм
Хүн болж төрсөн
Бидний заяа өөр шүү дээ

Уран байгалийг хөгжөөх шиг
Шувуудын жиргээ сонсогдоод
Урсах цагийн нулимс
Улаан навчис шиг зүсэрнэ



Тэнгэрт шувууд
Газарт хүмүүс
Зарим хүмүүс тэнгэрт
Зарим шувууд газарт
Өөр өөрсдийн замаар
Хамт нисэхгүй

Friday, December 1, 2017

Халуу төөнөөд

Таны дэргэдээс халуу төөнөж байна
Та учраас л тэр
Таны үнэрт би мансуурч байна
Та учраас л тэр
Үргэлж миний хамгийн төгс сонголт
Туйлын цэг, хамгийн нам гүн орчин
Нуугдаж болох хамгийн тухтай газар
Унтаад өгөхөд минь хэн ч сэрээдэггүй тийм л диваажин

Яаж ч хашгираад сонсохгүй

Чи тийм ч тод биш
Чи тийм ч гэрэлтэй өнгөлөг биш
Илэрхийлэгдэхгүй өнгө
Тайлагдахгүй түгжээ
Чиний юм бүхэн надад сонин
Чиний мөрөөдлийг биелэхийг хармаар
Чиний ертөнц дулаацмаар

Гэхдээ чамайг би олсонгүй
Гэрэл тусгаад чамайг хөтөлсөн ч
Чи хамтдаа явах байсан ч
Үргэлж чи чи-гээрээ байх тэндээ үлдэх нь
Чиний төлөөх миний чин сэтгэл аж
Гэвч, би чамайг санаад байна...

Чиний сэтгэлийн дулааныг хулгайлах гэж
эсвэл сэрээх гэж
Чамайг зовоох гэж, илүү гүнрүү шингээх гэж
Юу ч байхгүй хоосонруу
Өөрөө яваад орчихоод
Гармаар байна гээд хашгирах

Өвлөөс хамгаалагч


Намайг энэ өвлөөс, энэ хүйтнээс, энэ их уйтгараас цор ганц аврагч нь чи болчихлоо
Би гэрэл болж чам дээр ирэх биш чи л надад ирсэн бололтой
Би чамайг дулаацуулах биш чи л намайг дулаацуулах бололтой
Торгоогоод, сүүлчийн навчийг авч үлдэх тэр л хүч
Зөвхөн чамаас ирж байна
Гэхдээ би ядраад байна
Эхлүүлэх, өрнүүлэх, төгсгөхөөс
Шаналж, шархалаас
Хэсэг эргүүлж, тойруулж байгаад
Орхичих нэг хэвийн төгсгөл
Гэхдээ хэн хэнд нь үлдэх зүйл байх учраас
Ахиад нэг нээлт хийх гэж
Ахиад өөртөө хайртай болох гэж
Дахин нэгийг эхлүүлж болох ч
Би яг одоо ядраад байна