Wednesday, March 21, 2018

Үхтлээ айсандаа

Хайрлаж ч болдоггүй, санаж ч болдоггүй
Чамайг миний дэргэж байгаасаа гэж хэлж ч болдоггүй
Би ер нь яаж ч болдоггүй
Хүссэн ч чаддаггүй

Харин чи,
Өдөр бүр чамд хайртай гэнэ
Атаархмаар хөнгөн
Чамайг санаад байна гэнэ
Санаа зовмоор нүүрэмгий
Намайг хайрла гэнэ
Чадахгүй байгааг минь ч мэдэхгүй
Би үнсүүлмээр байна гэнэ
Нүүр минь халуу оргитол

Чамд татагдаад
Чамгүйгээр амьдарч чадахаа байчихвал
Чи яах вэ?
Нисээд явчих уу, далавчтай юм чинь
Чиний үнэрийг үнэрлэхгүйгээр
Чиний арьсыг мэдрэхгүйгээр
Амьсгалж ч чадахгүй болчихвол
Чи яах вэ?
Тэр үед чи
Тачигнатал инээгээд
Намайг шоолох байх
Чамайг ийм болохоор
Би хайрлахаас үхтлээ айж байна

Tuesday, March 20, 2018

Хоромхон зуур тэнгэр цэлмэх

Нуурын эргээр зугаална
Өөрөө өөрөөсөө цөхөрнө
Чамайг хайрлахаас бас залхана
Эргээд л зугаалж эхэлнэ
Өөрөө өөрийгөө хайрлана
Чамайг санана

Тэр нуур нэг өдөр нам гүм
Бүр хайр хүрэм дулаахан
Нууранд миний хайртай муурны ах дүүс
Хамт бүжиглээч гэж урина

Зарим өдөр шуурга шуурч
Аймшигтай хүйтэн болно
Нууранд миний дүрс ч харагдахгүй
Би өөрөө төөрнө

Эргэж буцах, чамайг хүлээх
Эцэс гэж байгүй тойрог шиг
Хэзээ ч хүссэн шиг минь биш
Хэзээ ч би бас өөрийнхөөрөө биш

Дундуур ч биш дүүрэн ч биш сэтгэлээр
Дэргэд чинь хэр удаан би тэсэх вэ
Дуртай, дургүйгээ хэлэхгүйгээр
Чи хэр удаан чимээгүй байх вэ

Үүл хуралдаж, хүйтэн бороо орно
Чамайг байхгүйд даарна
Чи харин ганцаарддагийг минь ч мэдэхгүй
Хүйтэн инээмсэглэнэ

Нар гарна, хоромхон төдийд
Цэлмээд ирнэ
Дулаахан инээмсэглэхэд чинь



Wednesday, March 14, 2018

Атгаг хийгээд хаврын их эморлын тухай

Бүх зүйл утгагүй санагдаж, бүх зүйлд уур хүрдэг улирал айсуй. Зэрэгцээд толгой ч бас хагарах нь.
Хаанаас ирээд, хаана хүрээд, юуг даван туулаад дуусах юм байгаа юм.
Дутуугийн синдром биш илүүгийн синдром сэтгэцийн гэмтэл бололтой. Хайр, халамж, байгаа бүхэндээ сэтгэл нь хэзээ ч ханахгүй байсаар, нэг өдөр түүндээ живээд, үхэх байх.



Яагаад ингэж их хүнээс хамааралтай байдаг юм.

Боль, орхи, чи хамгийн чухал биш, үүнд битгий анхаарлаа хандуул, сулал....
Хичнээн их тийм зүйл сонсов.
Хичнээн бодоод ч яагаад болихгүй байгааг мэдэхгүй байна

Tuesday, March 13, 2018

Зураачийн хайртай эмэгтэй

Гунигтай тэ,
Чи минийх биш байх
Энэ уруул, энэ үнэр
Минийх биш байх
Бороонд хамт алхахад
Чамайг дураараа тэвэрч чадахгүй байх
Хэтэрхий гунигтай юм

Яагаад бүх мэдрэмжээ нуудаг гээч?
Чи минийх биш болохоор



Monday, March 12, 2018

Юдит

Өглөөгүүр замын түгжрэлд Юдитын тухай уншиж явлаа. Бүх амьдралынхаа туршид хэрхэн амиа егүүтгэх талаар л бодож ирсэн хүний хувьд үнэхээр л нэвтэрхий толь, гарын авлага байлаа.
Энэ зуур мууртай залуугийн тухай бодов. Юу ч ярьдаггүй хүнтэй хамт байх ямар хэцүү. Тэр юу ч ярьдаггүй, бас сонсмоор ч үгүй байдаг байх. Тэгэхээр нь би ч бас ярихаа байчихсан. Гэхдээ энэ миний мөн чанар биш шүү дээ.
Хоёр хүн таг дуугай урдах кофегоо л уугаад суух бараг л там. Яахав заримдаа ээлжлээд юмуу зэрэг утсаа оролдоно. Ямар утгатай хамт байгааг чөтгөр л мэдэх байх.

Урлагийн тухай, киноны тухай, номны тухай, чиний тухай бодсоор, ярьсаар хамаг амьдрал минь дуусаж байх шиг. Ядаж л Юдит шиг утга учиртайхан үхэх юмсан.

Зарим зүйлс, ер нь ихэнхи зүйлс хагарсан л бол буцаж хэзээ ч хуучин хэвэндээ ордоггүй аж.
Нүүр, толгойн бүх хэсэгт халуу шатна, харин хурууны үзүүр, хөлийн үзүүрт асар хүйтэн цус урсаж байгаа мэт мэдрэгдэж байна. Толгой эргээд, хаа нэгтэйгээр ямар нэг хүчтэй зүйл урсан гарч ирээд намайг авч явахыг хүлээх шиг.

Мууртай залуу юу ч ярихгүй байх нь дээр ч юм шиг.

Чиний инээхийг харах

Чиний инээд буцаж ирэхэд
Цас хайлж, бороо орж, зун болж
Хавар ирдэг

Чи буцаад ирэхэд
Нар үүлээ хөөж, төдхөн гараад ирдэг
Цэцэгс дэлгэрч, солонго татдаг
Чамайг инээхэд

Чиний инээмсэглэлийн төлөө
Сул дорой болсон ч
Илүү болгоомжтой байсан ч
Чимээ гаргалгүйгээр
Амьсгалж сурсан ч

Догдлол бүхнээ
Хүсэл бүхнээ
Чамд харагдаж, мэдрэгдэхгүйгээр
Нуугаад, далд хийчихээд
Чиний дэргэд үлдэж байна