Өглөөгүүр замын түгжрэлд Юдитын тухай уншиж явлаа. Бүх амьдралынхаа туршид хэрхэн амиа егүүтгэх талаар л бодож ирсэн хүний хувьд үнэхээр л нэвтэрхий толь, гарын авлага байлаа.
Энэ зуур мууртай залуугийн тухай бодов. Юу ч ярьдаггүй хүнтэй хамт байх ямар хэцүү. Тэр юу ч ярьдаггүй, бас сонсмоор ч үгүй байдаг байх. Тэгэхээр нь би ч бас ярихаа байчихсан. Гэхдээ энэ миний мөн чанар биш шүү дээ.
Хоёр хүн таг дуугай урдах кофегоо л уугаад суух бараг л там. Яахав заримдаа ээлжлээд юмуу зэрэг утсаа оролдоно. Ямар утгатай хамт байгааг чөтгөр л мэдэх байх.
Урлагийн тухай, киноны тухай, номны тухай, чиний тухай бодсоор, ярьсаар хамаг амьдрал минь дуусаж байх шиг. Ядаж л Юдит шиг утга учиртайхан үхэх юмсан.
Зарим зүйлс, ер нь ихэнхи зүйлс хагарсан л бол буцаж хэзээ ч хуучин хэвэндээ ордоггүй аж.
Нүүр, толгойн бүх хэсэгт халуу шатна, харин хурууны үзүүр, хөлийн үзүүрт асар хүйтэн цус урсаж байгаа мэт мэдрэгдэж байна. Толгой эргээд, хаа нэгтэйгээр ямар нэг хүчтэй зүйл урсан гарч ирээд намайг авч явахыг хүлээх шиг.
Мууртай залуу юу ч ярихгүй байх нь дээр ч юм шиг.
No comments:
Post a Comment