Saturday, January 29, 2022

Нээх шооч хүнд

 Хэдэн настай байсан юм бол? Таньтай анх таарахад, жаахан бодоход ч санах л байх, гэхдээ залхуу хүрч байна тэрийг санахаас. Ямартай ч 27-той үе байсан. Тэр үеэс би жинхнээсээ амьдарч эхэлсэн ч юм шиг. Эсвэл тэр үед үхээд ахиад шинэ хүн болсон ч юм шиг. 

Хүйтэн өдөр гандан дотор хамт алхаж байснаа санаж байна. Дэврүүн байж ээ. Би гэхдээ ингэж сүүлийн үед их бодох боллоо. "Дэврүүн байж ээ" гэж. Гэж бодно гэхээр би дэврүүн биш болсон гэсэн үг үү. Гээд бодохоор бас үгүй ч юм шиг. Гэхдээ л их бодож байгаа. 

Таныг үхтлээ догдлоод, түүнийгээ нууж ядаж байгаа царайг чинь санаж байна. Таныг ер нь үе үе санадаг гэдгийг та мэдэх үү. Эсвэл намайг таныг бүүр таг мартаад, өөр зүйлд дурлаад, цээжнийхээ мухарлуу шидчихсэн гэж боддог уу. Миний энэ байгаа одоогийн би таниас эхлэлтэй, таны бүтээл байхад би яаж таныг мартах билээ дээ. 

Баяр бүрээр, заримдаа ямар ч шалгаангүй үед ч надад зөвхөн надад гэж сонгож өгсөн бэлэгнүүдийг чинь санаж байна. Магадгүй зарим номнууд дээр нэр байхгүй учраас алийг нь өгсөн билээ гэж санахгүй байж мэдэх ч хөгжим, тээрэм, номын хавчуургууд, цэцэгнүүд, дугтуй задлагч, аяга, өдтэй үзэг гээд бүгдийг нандигдан хадгалдаг. Өө тийн, дугтуй задлагчийг бараг дээрэмдэх шахаж авчихаад хэнд ч билээ алдчихсан ш дээ. Муу хүн л дээ би. Гэхдээ биет бэлэгнээс илүү таны надад өгсөн тэр "зүйл" намайг өөрийгөө хайрлахад сургаж, насан туршдаа хамт байх хоббитой болгож, үрчлээтсэн ч гэсэн өөртөө дуртай болгосон билээ. 

Хамтдаа сууж байгаад хэн нэгнийг хоржоонтой шоолж байгаа чинь, 27 настай ч гэнэн хэвээрэй байгаа тэнэг жаахан охины утгагүй яриаг цэг таслалгүй амьсгаа даран сонсдог байсан чинь, хүүхдүүддээ төсөөллийн ертөнцийг нь бий болгож өгдөг тань, өөрөө бас түүндээ хүүхдүүд шигээ хөөрчихдөгт чинь, Энно Мориконод дуртай байдагт чинь, миний үг үсгийн алдааг шүүмжилдэгт чинь, Өлзийтөгсд дургүй байдагт чинь, тамхийг үзэн яддагт чинь гээд дуусахгүй олон зүйлд тань дуртай шүү. 

Өдөр бүр сонин гарчиглаад, кофегоо чанаж уугаад, ажилруугаа алхангаа гудамжаар яваа хэн нэгнийг хөгжилтэйн аргагүй өөрийнхөөрөө нэр өгчихсөн шоолж яваа байх даа. 


Sunday, January 23, 2022

Юу үнэн бэ?

 Мэдэхгүй, би мэдэхгүй

Одоогоор юуг ч мэдэхийг хүсэхгүй байна 

Чиний тухай олон дурсамжаа уудлаад догдолж буй өөрийгөө 

Чамайг тайвшруулах гэж буй өөрийгөө харахад ч

Юу үнэнг би мэдэхгүй байна 

Хаана ч байхгүй үнэнг бид яагаад хайгаад байдаг юм бол

Бидний шийдэж чадахгүй зүйл хорвоогоор дүүрэн байхад

Яагаад бид шаналаад байдаг юм бол 

Далайруу хашгирахад юу ч хариу байдаггүй адил

Бид асуултынхаа хариултыг яагаад ч олохгүй биш үү

Сайхан хөгжим сонсоод, шинэхэн цасыг мэдрээд

Сэлүүхэн гудамжийг ажиглан зогсох нь хамаагүй тухтай биш үү

Хэзээ ч би өөрөөрөө байгаагүй ч юм билүү

Тэрийг би ч чи ч мэдэхгүй

Үнэн байсныг хэн батлах юм бэ?

Миний хувьд үнэн чамайг байхгүй би

Хөгжим сонсож чадахгүй л болох байх 


Saturday, January 15, 2022

Чиний мөрөөдөл

Миний мөрөөдөл дунд төөрөөд гарч чадахаа байчихвы

Чиний мөрөөдлийг бүтээхээр би өөрөө төөрчихвий 

Хаана, хэзээ зогсоол байхыг 

Мэдэхгүйгээр би далайруу үсрэхвий

Тэгээд, Чи намайг аврахгүй байхвы


Цас

Цас: Сайн уу

Би: Хөөх, сайн уу 

Цас: Тэр чамайг сайн яваад хариарай, битгий уйлаарай гэсэн

Би: Чамайг надруу явуулжээ

Цас: Уулзаж чадаагүй явсанд уучлаарай гэсэн, бас чиний бодсон хүн шиг чинь биш байсанд уучлаарай гэсэн, намайг чамайг чанга тэврээрэй гэсэн

Би: Гэхдээ зөв зүйл болсоон /цасад хэлээгүй л дээ/

Бяцхан охин бүжиглэж байна

 Надад хэлмээр зүйл маш их байгааг чинь мэдэж байгаа, хэлж чадахүй байгааг чинь ч мэдэж байгаа. Шаналж байгааг чинь ч мэдэрч байна. Бас хэзээ ч хэлэхгүй байх. Гэхдээ амьсгалын чинь чимээ, зүрхний чинь цохилт яг л дэргэд минь чиний хэлж чадахгүй бүх зүйлийг чинь надад чимээгүйхэн хэлдэг. 



Одоо гэхдээ яалтай билээ, чи чи биш, би биш шүү дээ. Чи чи байсангүй, би ч бас би байсангүй. 
Далай юу ч хэлж чадахгүй, зүгээр л маш намуухнаар эрэгрүү давалгаална, харин эрэг дээрх жаахан охин юуг ч юм хүлээн сууна. Эрэг дээр бүжиглэнэ, дуулна, чамайг чанга дуудна, тэгээд дараа нь уйлна. Далай яг л өмнөх шигээ чив чимээгүй. Гэхдээ тэр хэзээ ч явахгүй, нэг л газраа охиныг хүлээнэ. Хэдэн зуун жил... 

Tuesday, January 11, 2022

Далай

Инээж байснаа уйлмаар санагдаж 
Асар гунигтай байна 
Өвдгөн дээр минь толгойгоо тавин уйлж байгааг чинь
Би харж байна 
Гурван өдөр биш гурван жил
Чиний дэргэд байж чамайг гэрэлтүүлж 
Эцэст нь жаргаж байгаа нарыг би харж байна
Яг одоо би уйлж байна
Чамайг, өөрсдийн гунигтай салалтыг бодоод уйлж байна 
Замын эцэс дэхь тэр далайд
Би хүрч чадахгүйдээ, хүрэхээсээ айсандаа
Энд хүрээд зогсож байна 
Энд хүрээд зогсож байгаадаа би уйлж байна 
Энд хүрээд зогсоход
Тэр хүн нь чи байгаад би уйлж байна 
Уучлаарай намайг 
Хөвсөлзүүлсэнд, давалгаалуулсанд, салхилуулсанд 
Яг энэ чигээрэй
Миний хамгийн анхны харсан тэр намуухан 
Тэр далай үргэлж байгаарай