Зам дээр маш том чулуунууд гарч ирээд, бас түүнийг ямар ч аргаар тойрч гарах боломжгүй байгаа тухайгаа нэг хүнд зовлон болгон ярихад: "Өнгөрсөн жил ч бас 9 дүгээр сард ийм юм болж байсан байна, энэ жил ч мөн адил. Black September" гэж хэлж билээ. Бас ийм нэртэй терорист бүлгэм байдаг гэсэн. Энэ асуудлууд гарч ирэхээс өмнө хэддүгээр сард энэ үйл явдлууд болж байгаа талаар бодох сөхөө ч байсангүй. Эргээд бодоход өнгөрсөн жилийн 9 дүгээр сарын яаж давж гарсанаас санахгүй байна. Хар бараан, өнгөгүй, гэрэлгүй өдрүүд. Цонхныхоо хөшгийг ч нээдэггүй, салхивчаа ч онгойлгодоггүй, орноосоо ч босдоггүй, гэрээсээ ч гардаггүй, хүнтэй ч бүтэн хэдэн үг сольдоггүй байлаа.
Гэвч яг одоо яг тэр өдрүүд үгүйлэгдэж байна. Эргэн тойрны хүмүүсийн харц, яриа, чимээ бүгд тус бүртээ нэг нэг зүү болж миний биеийг шивж байгаа мэт, байж ядсан өвдөлт мэдрэгдэж байна. Бүтэн ч амьсгаа авч чадахгүй нь. Хаана ч би өөрийн биш хүний амьсгалаар амьсгалах шиг мэдрэмж. Хурц гэрэлтэх нарны туяа ч мөн адил миний биеийг сүйлэх жад мэт, хэн нэгэн санаандгүй шүргээд өнгөрөхөд холоос хол хүчтэй шидүүлж буй мэт сүнс минь газар нугдайн унаж, бие минь харин арай гэж хөл дээрээ тогтоно. Ийм хатуу ширүүн орчинд хэр удаан тэсэх вэ. Өөрийн зохиосон бичил орчиндоо зүгээр юу ч бодолгүй ямар нэгэн ном уншиж түүн дотроо л амьдармаар байна.
Эсвэл ямар нэг тэнэг хөгжилтэй зүйл ярьж, бодож, зүгээр л үхтлээ инээмээр байна. Магадгүй сэтгэл мэдрэлийн эмнэлэг шиг. Тэнд хэнд ч ямар ч бодол байхгүй, хичнээн амар. Тэдэнд шийдэх зүйл байхгүй, санаа зовох ч зүйл байхгүй.
No comments:
Post a Comment