Сэтгэл хангалуун байх гэдэг ер нь юуны тухай ойлголт вэ?
Зүгээр л ахуйлаг бүхнээс таашаал авч сурах юмсан. Халуун наранд шарагдан байж дээврээ өөрийн гараар будчихаад дараа нь байшингаа инээмсэглэн харж суугаа тэр хүн шиг, газар ус шороо байгалын бүхнийг шинжлэн судалж гайхамшигтай бүхнийг нь мэдэрч суугаа бас тэр нэг хүн шиг. Гэрийнхээ хүнсийг цуглуулаад шатаар шуудайтай гурил үүрч гараад хувцасаа гөвж суухдаа аз жаргал мэдэрч буй тэр хүн шиг, гэртээ шинэ цахилгаан зуухтай болоод түүндээ амттай сайхан бялуу хийгээд гэрийнхнийгээ амтархан идэж суугааг хараад инээмсэглэж буй тэр нэгэн эмэгтэй шиг.
Гэртээ сууж байгаад ямар нэг зүйл шинээр хийж сурах, бодож олох, өөр зүйл хийх ер нь юу ч хийх хүсэл алга. Гэвч байгаа бүхнээсээ, эргэн тойрны сайхан бүхнээс таашаал авч сурмаар.
Арай хөнгөрөх ч юм билүү...
Энэ бүхэн мэдээж сэтгэлийн асуудал ч гэсэн яг одоо надад маш их итгэл найдвар, бас урам зориг хэрэгтэй байна. Сайхан зүйл ч сайхан санагдахгүй, энгийн л зүйл мэт санагдаж, муу зүйл ч ердийн санагдах болж. Амттай сайхан зүйл идэх төдий л сэтгэл сэргэчихдэг байсан надад тэрнээс хэд дахин сайхан зүйл тохиолдсон ч сэтгэл сэргэхгүй болж.
Сэтгэл хөдлөл минь ичээндээ орсон бололтой....
Гадаа яг л цас орох гэж байгаа мэт тэнгэр саарал, бүрсгэр, дүнсгэр байна. Өвөл болох нь миний сэтгэлийн унталтын байдалтай залгах юм бол нэг бодлын тэр чигээрээ бүрсгэр саарал байсаар хавартай золгох нь амар мэт санагдах.
Харин их л урт санагдах байх да тэр өвөл....
No comments:
Post a Comment