Saturday, December 19, 2015

Үргэлж мөнхийн 25 насандаа

Одоо биеэ бэлдэх хэрэгтэй
Хамгийн сайхан чөлөөлөлтөнд
Ахиж үүнээс илүү тэвчээр бас дүр эсгэлтийг
Ахиж хэзээ ч үзүүлж чадахгүй нь

Зарим зүйлсд хоргодох сэтгэлээ
Үлдсэн нь цааш амьдарч
Үхэж чадахгүй нэгнийгээ
Магад надаас илүү сайхан амьдрахыг
Өөрөө би бий болгож
Бас бүх дурсамж, мэдрэмж
Агаарт замхаран одно гэж
Чөлөөлөх хэрэгтэй байна

Угаас үүнээс илүүгээр
Амьдарч чадахгүй нь
Үүнээс илүүгээр

Угаас юунд ч сэтгэл ханахгүй
Бас хэтэрхий мэтрэмтгийгээсээ болоод
Илүү удаан амьсгалаад явж чадахгүй нь

Надаас болоод амьдрал чинь амьдрал биш болоод байгааг
Ахиад үүнээс илүүгээр харж чадахгүй нь

Үргэлж мөнхийн 25 насандаа
Үүрд мөнх үлдсэнийг минь дурсаад
Чи ч тэр, та ч тэр
Нэг удаа инээмсэглээрэй

Thursday, December 17, 2015

Шинэ зүйлийг хуучнаар хийх

Нэг лаа асаад дуусчихлаа.  Ахиад нэгийг асаах хэрэгтэй болох нь.
IШирээн дээрх харандааны тухай шүлгийг санаж байна.
Шар ханатай шар ширээтэй цэлгэр том өрөөг санаж байна
Бүгд хуучин хэвэндээ орох нь
Гэхдээ шинээр
Цайны жижиг ширээ
Кофены жижиг тээрэм
Цонхоор орж ирэх агаар
Нар жаргахыг харах
Бүгд буцаж ирж байна
2015.12.11

Хүссэн юм чимээ шуугиан чихийг минь аймшигтай өвтгөнө
Бүр заримдаа сонсохоо ч байна
Ахиад харь гаригийн хүмүүстэй
2015.12.17

Wednesday, December 9, 2015

ямар нэг зүйл хэрэгтэй байна

Өрөөний гэрэл анивчина, энэ нь илүү тухтай санагдана. Надаас шалтгаалахгүй гэрэл бага багаар унтарч байгаад баярлана. Ингээд нэг мөсөн унтарчихаасай, ахиж хэзээ ч асахааргүйгээр.
Ахиад л гэрэл гэгээгүй, чимээ шуугиангүй, хүмүүс ч үгүй газрыг хүсч байна.
Ахиад л хүн бүрийн инээд, дуу хоолойг аймшигтай ихээр үзэн ядаж байна.
Биеэ хураагаад, ямар нэг харанхуй гэрэлгүй газар өдөржин хэвтмээр байна. Энэ үед харин ганцхан та л хажууд ном уншиж өгөөд суугаасай. Энэ л үед та гарын хурууныхаа араар хацрыг минь зөөлхөн илээсэй.



Friday, December 4, 2015

Нэг л биш байна гэнэ

Агуу их хоосныг бий болгоод эсвэл
Агуу их хоосныг юугаар ч юм дүүргээд
Нэг тийм хүлээлттэй хүлээлтэнд хүлэгдээд эсвэл
Нэг тийм бачимдсан бачимдалтанд бачимдаад

Би нэг л биш байна

Гарын алга яагаад тийм ширүүнийг
Нүдний харц яагаад тийм хурцыг
Би мэдмээр байна
Яагаад огтхон ч дальдрахгүй хардагийг
Яагаад огтоос зүрхний цохилт нь мэдрэгддэггүйг
Би мэдмээр байна

Намайг нэг л хачин болгочихлоо

Нүд нь зөөлөн бишийг, түүгээр ч үл барам  дальдрам гэдгийг
Цочирдом чанга чанга инээд нь огтоос сэтгэл татам биш гэдгийг
Хэлмээр байв ч
Яагаад дэргэд нь байгаагаа
Би мэдмээр байна

Хамгийн эмгэнэлтэй нь
Үүнийг бичиж байгаа нэгнийг
Яг ийм гээд яг л тийм гээд
Яг л энэ чигээр нь
Ойлгоод байдаг
Хамгийн эмнгэнэлтэй нь

Tuesday, November 24, 2015

Шинэхэн

Эхэлсэн санагдана, бага багаар
Цоо шинэхэн
Мэдрэмж
Тэр хүнийх шиг тийм инээмсэглэл
Намайг хардаг шиг тийм харц
Өөр хаана ч алга
Ямар ч шуналгүйгээр таныг хайрлах хайр
Бас намайг хайрлах хайр
Гэхдээ ихэнхи хүмүүс итгэдэггүй
Шуналгүй хайранд
Хайр байдаг гэдэгт ч итгэдэггүй

Гаранд минь хүрсэн тэр дулаан,
Хацрыг минь илбэсэн мэдрэмж
Бүгд шинэхэнээрээ

Унаж байхдаа юуг төсөөлөх тухай

Хөл алдахдаа,
Хамгийн жинхэнээр хөл алдахдаа
Унаж байхдаа
Би юуны тухай бодох бол
Инээмсэглэсэн байх болов уу
Түгшсэн байх болов уу
Хамгийн том харамслыг
Царайндаа тодруулчихсан
Чичирч байх болов уу
Уйлж байх болов уу
Асгартлаа, чөлөөлөгдөж буйдаа
Хамгийн том тайвшралыг
Мэдэрч байх болов уу
2015,11,01/24

Friday, October 30, 2015

Тэр үед үхэх байсан юм

Хэн ч ойлгохгүй, энэ хоосныг
Үхэх хүслийг минь
Үхэх ёстой үедээ үхээгүйдээ
Одоо ахиад үхээд ч энэ хүсэл биелэхгүйг
Хэн ч ойлгохгүй

Амьдарч чадахгүй байгаадаа
Багтарч үхмээр байгааг минь
Хэн ч ойлгохгүй

Алхам бүр минь алдаа байгааг
Алхах бүртээ алдаад байгааг
Амьсгалах бүрдээ үхэж байгааг
Хэн ч мэдэхгүй

Үг бүрийг, үйл явдал бүрийг
Хамгийн гүндээ мэдэрч
Имэрч, тэмтэрч
Өрцний цаадах хөндүүр
Амьсгалах бүрт мэдрэгдэж
Энэ бүхнээс хагацах
Хамгийн зөв зам
Тэр үеийн үхэл л байсан гэдгийг
Надаас өөр хэн ч мэдэхгүй

Хамгийн хэрэгтэй хүн явж
Хамгийн хэрэггүй хүн үлдэх

Хамгийн сайхан мөчүүд

Өөртөө, амьдралдаа сэтгэл хангалуун байна гэдэг хамгийн сайхан мөчүүд байх
Энэ мөчүүд бага байх тусам, ховордох тусам судасныхаа лугшилтыг үзэн ядаж эхэлнэ.

Эцэс төгсгөлгүй утгагүй үйл явдлууд, үйл хөдлөл, амьсгалууд, инээмсэглэлүүд.
Догдлол ч тэр. Хий хоосон догдлолууд.






Tuesday, October 13, 2015

Огиудас шиг

Өглөө согтуу сэрэх
Согтуу хүн шиг сэрэх
Уураг тархи согтуу байх
Огиудас хүрэх
Өдөржин огиудас бодогдох

Хүч тамир дутагдаад
Буцмаар санагдаад
Амьдралаас юу сурахгүй
Юунд ч хашрахгүй
Эргэж буцсан ч энэ байдалдаа
Нөгөө л нэг сул дорой
Чадваргүй нэгэн

Чамайг агуу их гутрал
Агуу их залхуурал
Агуу их тэнэглэл
Агуу их мунхаглал
Бүтээсэн гэлтэй

Огиудас шиг

Saturday, September 19, 2015

Удахгүй цас орох байх даа

Өвөл болох тухай бодоход л даараад эхлэх юм, харанхуй хүйтэн шөнүүд.
Хүүхэд нас, гэрээ санаж байна, хүүхэд насаа санаж байна.
Орхиод явсан хүмүүсийг санаж байна
Тэдний үлдээсэн хүмүүсийн төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа харамсаж байна
Удахгүй цас орох гэж байгаад харамсаж байна
Сэтгэл гутралын өвчнөөсөө үүрд мөнх салчих юмсан
Бас мартах ёстой зүйлсийг мартаж чадахгүй байгаадаа бачуурч байна

Хүсээд байгаа зүйлсийнхээ төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа
Хийсэн зүйлс нь хэзээд бүтэлтэй болж өгөхгүй байгаадаа
Хэтэрхий хувиа хичээсэн хүн гэдэгтээ
Орхиод явчихмаар үе үе санагддаг муухай бодолдоо
Энэ үед зөвхөн ээж, охин хоёр л бодогдоод байдагтаа
Үргэлж л ингээд гутраад байдагтаа
Арай илүү хичээхэд хүрээд ирэх тэр хүслийг хараад
Юу ч хийдэггүйгээ

Би өөрийгөө бүхэлд нь өөрчилмөөр байна

Цасанд дуртай болж, юунд ч шуналгүй болж, аливаа зүйлийг сэтгэлээсээ гаргаж хаяж, бас бусдыг хайрлаж, өөрийгөө ч хайрлаж сурмаар байна

Дээх нь




Тэгэж их уйлаад дараа нь инээж чадах
Тийм их зориг надад байсангүй

2013.03.14 

Friday, September 18, 2015

Үхлийн тухай ярилцав

Миний тэвчээрийг, амьсгалыг, зүрхний минь цохилтыг хүртэл
Өдөр бүр, нэг давтамжтайгаар, яг нэг хэмнэлээр чи идэж байна
Би чив чимээгүйгээр, чамаар өөрийгөө дуусгуулж байна
Магад энэ өвдөлт, миний хамгийн амар амгалан үхэл ч байж мэдэх
Энэ үхлийн тухай энгийн хүмүүстэй ярилцав
Үхэл тэднээс хол бололтой

Надаас шалтгаалахгүй энэ уусалт, сарнилт
Намайг чамаас холдуулах эцсийн боломж ч байж мэдэх
Үүнээс өөр хэн хэн нь шархдахгүйгээр, илүү өвдөхгүйгээр
Хагацах зам байхгүй бололтой

Цээжний минь цаана хөндий хоосон, уугих утаа
Чиний цээжний цаана хамгийн хэцүү шаналалууд
Миний тэжээсэн өвдөлтүүд
Чамайг ч бас би идэж байна

Tuesday, September 15, 2015

Чимээгүй байя

Нэг хэсэг, юу ч гэсэн, чамайг тайвширтал
Чимээгүй байя

Хэтэрхий өөр, эсвэл хэтэрхий адилхан болохоор
Хамт байх нь боломжгүй гэдгийг
Чи өөрөө ойлготол
Чи өөрөө бууж өгтөл
Чимээгүй байя

Уруулаа будахаа больсныг минь
Инээмсэглэхээ больсныг минь
Анзаартал чинь
Чимээгүй байя
Энэ бүгд надаас бас чамаас болсон гэдгийг
Ухаартал чинь
Чимээгүй байя


Saturday, September 5, 2015

Уугих утаа

Тэгтлээ их хүсээд байдаггүй
Тэр амтыг
Харин үзэсгэлэнтэйгээр уугих
Тэр утаанд
Намайг үүлсэнд хөвүүлэх
Тэр сарнилтанд
Түүнд л дуртай

Магадгүй толгой эргэж,
Зүүрмэглэхдээ
Бүх зүйл хоосон гэдгийг
Мэдрүүлдэг ч байж мэдэх
Түүнд л дуртай

Thursday, September 3, 2015

Нүдэн дэх үүлс

Намайг хардаг тэр харц:

Гүнээс гүн хөх далай шиг
Хамгийн өндөр цаст оргил шиг
Төгс үзэсгэлэнт үүлс шиг
Тэвчилгүй алдрах сэтгэл шиг

Тэр харц намайг
Үнсдэг, энхрийлдэг, бас эрхлүүлдэг
Тэр харц намайг
Хамгийн зөөлнөөр хайрладаг

Тэсгэлгүй уйлмаар
Бүх хүлээсийг орхиод
Бүх л өдөржин
Огтоос чимээ гаргалгүй
Нүдэн дэх үүлсийг дэрлээд
Хамгийн сайхан ертөнцөд оччихоод ирмээр


Энэ нэг давааг


Салхи салхилах юм, хүчтэйгээр, өдөрт хэд хэдэн удаа. Жаахан л тэвччихвэл энэ давааг давчихвал, ахиад нэг даваа за яахав энийг л давчихвал....
Зөв замаар явж байгаадаа, зөв давааг давж байгаадаа, зөв зүйлийг тэвчиж байгаагаа мэдэхгүй юм. Тэр чигээрээ, бас чимээгүйгээр, уйлалгүйгээр яваад л байдаг. Замын хажуугаар өнгөрөх бусдын инээд, аз жаргал, хамгийн чухал мэдрэмжүүд.
Хамгийн хэрэггүй, бас тэвчээр алдмаар, давчидмаар тийм зүйлсийг хамгийн ойр байлгаж байгаа нь намайг өөрөөс минь холдуулж байна.

Tuesday, August 25, 2015

Өөрийнхөөрөө

Маш олон зүйлийг өөрийнхөөрөө хийсэндээ, эсвэл
Маш олон зүйлийг өөрийнхөөрөө хийгээгүйнхээ төлөө
Эрх дураараа байсныхаа төлөө
Бүгдийг тэвчсэнийхээ төлөө

Одоо улам л амьсгалахад бэрх болж байна
Тэр бүгдийн төлөөсөнд
Өөрийгөө бүтээгч тэр эд эсүүдийг
Замдаа гээгээд удаж байна
Би дуусч байна

Одоо хэдхэн удаа зүүгээр хатгахад чинь
Ахиад хэдхэн удаа чанга хашгирахад чинь
Аль хэдийн уусчихсан байх байх
Сарничихсан байх байх

Өч дөчнөөнөөр бууж өгөөд
Бүх зүйлд чинь хамгийн зөөлнөөр байсаар байхад
Хамгийн харгис болох чи
Өөрийгөө буруутгах сул дорой болгогч чи


Хайртай гэдэг тэр охинд

Тэр охин үе үе хайртай гэнэ
Сайн ойлгодоггүй тэр үгнийх нь утгыг
Ямартай ч сайхан мэдрэмж л төрдөг
Ямар мэдрэмж, хүсэл тэр үгийг хэлүүлдгийг мэдэхгүй
Би лав хэзээ ч хэлж чадахгүй байх, түүнд

Заримдаа цэцгийг үзэн ядна, магадгүй намайг ч бас
Гэхдээ ахиад л хайртай гэнэ
Сэтгэлээр унахаараа хорвоогийг бүх зүйлийг үзэн яддаг
Үзэн ядах дуртай тэр
Гэхдээ ахиад л хайртай гэнэ

Өөрийнхөө хэр их хүчтэйг, сэтгэл татам гэдгийг
Өөрөө хэзээ ч мэддэггүй, бас хүлээн зөвшөөрдөггүй
Гэхдээ би түүнийг нь мэднэ
Намайг хэлвэл магадгүй итгэх байх
Гэхдээ би хэлж чадахгүй л байх даа

Цэцэгний амийг бүрэлгэгч

Цэцэг харахаар хамаг уур, бачимдал төрөөд
Тэд ямар аз золгүйдээ надтай хамт байдгийг нь өрөвдөөд
Амьсгалж ч чадахгүй байгааг нь хараад харамсаад
Зүгээр л тэднийг алчихдаг

Хамгийн азгүй хүмүүс надтай ойр байдгийг
Тэд хамгийн их уйлж, шаналдгийг
Энэ бүхэнд өөрийгөө буруутгасаар байгаадаа залхаад
Зүгээр л өөрийгөө бас алчихмаар байдаг


Monday, August 24, 2015

Уйланхай нүд

Миний зүүн нүд хамгийн их уйлдаг
Заримдаа ганцхан тэр нүднээс л нулимс урсдаг
Дагаад зүүн хацар үргэлж нойтон байдаг
Бас зүүн талд байдаг зүрх хамгийн их шархтай байдаг

Хэтэрхий өөрөөсөө болоод эсвэл
Хэтэрхий тэнэгээсээ болоод
Бусдын уйлдаг зүйл дээр уйлдаггүй
Бусдын уйлахааргүй зүйлд уйлдаг
Миний уйлах дуртай зүүд нүд минь

Бусдын шаналдаг зүйлд, хүлээн зөвшөөрч чаддаггүй зүйлд,
бусдын төвөггүйхэн хийчихдэг, уйлалгүй даваад гарчихдаг зүйлд
Яагаад ийм ихээр уйлдаг юм бол,
Яагаад огтоосоо ч ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй юм бол



Tuesday, August 4, 2015

Тэнд

Хүйтэн үү наана чинь, эсвэл хэтэрхий халуун уу
Бүүр эсвэл хамгийн тааламжтай цаг агаартай юу
Амттан их үү. Хамгийн амттай самар бий юу
Хөөрхөн жаахан охид амьдардаг уу
Дэлдэн чихтэй томоо хүү харагдана уу
Уйлах шалтгаан байх уу
Хамт инээх нэгэн олдох уу
Өвдөж байна уу
Цээжин дотор ямар нэг зүйл цохилж байна уу
Нулимс, цус биетэй оршдог уу
Шаналж байна уу хэн нэгний төлөө

Юу ч мэдрэхгүйгээр, юуг ч санахгүйгээр, хэнийг дурсахгүйгээр хамгийн сайхан газар бий гэдэгт итгэхийг хүсч байна.

Гэнэт санаад

Миний хамгийн дуртай төмстэй цуйванг хийдэг байсан. Тэрний амт одоо ч тод.
Хэзээд ээж шиг минь намайг хамгийн үнэнчээр, бүүр үнэн сэтгэлээсээ загнадаг байсан. Хэд хэд загнуулаад үнэнгээсээ уурласансан. Загнадаг байсан болохоор би дургүй ч байсан байх сэтгэлээ бодохоор дотор харанхуйлах юм.

Ээж шиг минь инээдэг болохоор, ээжтэй минь хэтэрхий адилхан болохоор ээжийгээ өндөр насыг наслаад надад байхгүй болоход нь таныг л харж ээжийгээ дурсах байхдаа гэж боддог байсансан. Ээж шигээ загнуулсаар байх хүнтэйдээ баярласансан.
Миний хамгийн ааштай ч хамгийн шулуухан хамгийн сэтгэл хөдлөл ихтэй та минь.

Таниар дутах хүмүүс надаар дутах хүмүүсээс их юм.
Таны амьдралд хайртай байх сэтгэл миний амьдралыг хардаг цонхноос дэндүү том юм

Хоолой дээр юм тээглээд амьсгаа авахад ч бэрх болох.
Яагаад гэнэт ихээр ийм ихээр санагдах.

Охид тань цэцэг шиг дэлгэрэхийг, хүү тань уулс шиг ханхайхыг, хань тань намрын үүл шиг хамт бууралтахыг харах байсан юм.

Зүүдэндээ үлдчихсэн

Бүгчим, халуун байсан. Зүүдэлж эхэлсэн, бүгчим халуун байдал үргэлжилж байсан. Сааралтаад, бүрсийгээд, гэтэл гэнэт хаанаас ч юм хүчтэй бороо орж эхэлсэн. Тэгээд би юу ч санахгүй байна. Сэрэхэд л бүх зүйл өөрчлөгдсөн байсан. Өөр ертөнц..... Өвдөлтөөр дүүрэн ертөнц. Хүлээн зөвшөөрөхөд, ойлгоход ч бэрх ертөнц.
Энэ зүүдийг хаа нэгтээ дуусна гэж найдсансан. Хэзээ ч итгээгүй, үлдчихнэ гэж. Буцах зам байхгүй, үүрд энд.
Хэтэрхий харгис, хүнд орчин..
2015.07.13

Wednesday, July 8, 2015

Хогийн сав хаана байна

Ажилдаа яваагүй, ер нь зүгээр явмааргүй санагдаад яваагүй. Заримдаа тийм хачин бас хэцүү мэдрэмж төрдөг. Зугатмаар, хүмүүсээс зугатмаар үе.

Хэдэн жилийн өмнө яг ийм мэдрэмж надад сар гаран үргэлжилсэнсэн. Одоо харин ганц, хоёр өдрөөс хэтрэхгүй болж. Энэ нь ч магадгүй сайн хэрэг биз.

Ганцаараа, орондоо өдөржин хэвтэх, дуртай зүйлээ хэнээс ч хамааралгүй хийх, хэнтэй ч юм ярихгүй байх, хэнийг ч анзаарахгүй байх, зөвхөн өөртэйгээ байх ямар утга уянгатай гээч.

Тэр хүн л ойлгодог, үүнийг минь. бүх зүйлийг минь, тэнэг аашийг минь ойлгодог, тийм болохоор л дуртай, гэхдээ хүмүүс их өөр юм. Санаж байна.

Өдөржин тааз ширтэн мэлэрч суух,

Зарим нэг утгагүй зүйлсийг энд нь, байгаа газарт нь үлдээх хэрэгтэй юм шиг байна. Яах гэж тэднийг халаасандаа хийв дээ.

Тэр зүйлсийн надад өгсөн зүйл юу ч байхгүй, бүгд намайг ойлгохгүй, намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрөхгүй.

Өнөө яаж хайрлахаа мэдэхгүй хүн шиг. Бишээ хайрыг мэдэхгүй хүн шиг. Өвдчихсөн байгааг ч анзаараахгүй

Tuesday, July 7, 2015

Cheers darlin'


Хүлээж хүлээж би чамгүй хоцорсон
Чамайг ирэхгүйг мэдсэн
Чиний уруулыг үнсэж байна гэж зүүд надаар тохуурхсан
Тэнд бороо орж байсан, гэвч
Чи надад нулимс л бэлэглэсэн

Энд одоо би чиний төлөө 
Чамд аз жаргал хүсэх гэж чиний төлөө
Энд би 
Гэвч түүний нэрийг хэлэхэд зүрх хүчтэй урагдана

Би чиний хувьд хэн байсныг
Надад нуулгүй шивнээч
Намайг орхих, минийх биш байх
Чиний хувьд тийм амар уу

Би чамайг удаан хүлээсэн
Би чиний хувьд хэн байсан бэ?




Monday, July 6, 2015

Өчүүхэн гэдгээ мэдрэх

Тэмтрэгдэнэ, хуурай агаар. Үл анхаарсан байдал, мэдрэгдэнэ. Эмтрээд байна, үйрээд байна, итгэл найдвар. Цус минь урсахгүй, хамаг бие минь хөдлөхгүй байна. Асаасан гэрэлнийхээ эсрэг, эсвэл өөр гэрэлрүү яваад байх шиг.

Энэ гэрэл зөв гэдгийг, илүү их итгэл найдвараар цаашаа явах хэрэгтэй гэдгийн, эсвэл чи юу ч хийгээд нэмэргүй гэдгийн аль нь болохыг мэдэхгүй юм. Ямартай ч яг одоо ганц ч алхаж чадахгүй байна.

Бусад магад инээж байгаа байх, тийм ч учраас үл тоомсорлож байгаа байх. Нүдээ аниад өнгөрөх, илүү их инээмсэглэх чадал алга.

Бусдын чимээгүй инээд...

Sunday, July 5, 2015

Учиргүй их төөрөгдөл дунд

Цонхоор нэвтрэх чимээ, борооны чимээ,
Damien Rice дуу дуулж өгнө
Бороо тэр 2 намайг улам л төөрүүлнэ
Гунигийнхаа улам гүнрүү шигдэхэд туслана

Илүү их шигдэж, илүү их урсахаас минь өмнө
Ирж авраач,

Илүү их алдахаас минь өмнө
Илүү их төөрөлдөхөөс минь өмнө

Monday, June 29, 2015

Уйлмаар юм

Уйлмаар юм, зарим зүйл, хэтэрхий уйлмаар
Хий хоосон биетүүд шүргэлцэхэд хүйтэн юм
Хий хоосон инээдүүд таарахад уйтай юм
Нүдэн дээр, би өөрөө дотроосоо мэдэгдэхүйц
Нүгэлээр дүүрэн цогцос болж буй
Өнгийгөөд харахад ямар ч хайргүйгээр
Өөр болсон байна
Өөрөөсөө урссан нэгнийг
Хайрлаж ч чадахгүй байна
Уйлмаар байна би өөрийгөө бодохоор
Уйлаад даанч юу ч өөрчлөгдөхгүй байна
Үзээд өгье гэсэн өчүүхэн ч гэрэл
Харагдахгүй байна, гэрэлтэхгүй байна




Хэн ч түүн шиг

Аядуу зөөлөн, бүүр нэг дулаахан
Чиний орон зай
Давчдуулагч биш тайвшруулагч
Санаж шаналах биш
Санаж, дурсаж, инээмсэглэж
Амьсгал, зүрхний чичирхийлэл
Үгүйлэгдэж байна, чиний зүгийн салхи

Wednesday, June 24, 2015

Нэг тийм

Яваад орчихмоор тийм гүн, тийм цэнхэр, тийм зөөлөн 
Аядуу тайван, тийм сэтгэл татам
Ахиад юу ч хүсэхээргүй болтол тайвшруулагч
Үүнээс илүү амьдрах шаардлагагүйг шивнэгч

Ахин шаналах, уйлах хэрэггүй
Чамайг харж, мэдэрч байгаад
Хамгийн сүүлчийн амьсгалаа хүртэл
Чамайг бодож дуусгах зориг

Friday, June 5, 2015

Үзэн ядах биш алчихмаар санагдах







Үзэн ядаж эхэлсэн
Хайргүй болсоноо мэдэрсэн
Одоо харин алчихмаар байна

Яагаад ийм арчаагүй, сул дорой
Яг над шиг





Monday, May 11, 2015

Юу ч болоогүй мэт

Цаашид хамт амьсгалах итгэл алга гээд хэлчихсэн, гэхдээ дотроо
Цаашид өшөө илүү зүйл хүсэхгүй гээд шийдчихсэн, гэхдээ одоохондоо

Дүр эсгэх нь таалагдаж байна
Их инээдний цаана нулимс нууж чадаж байгаадаа
Баяртай байна
Гэхдээ цурхиртлаа нэг уйлчихмаар л байна
Сар гарахгүй л байх да

Ярихаас сонсох нь заримдаа тайвширмаар сайхан байх юм
Гэвч, Цэцэгнүүд минь ургахгүй байгаа шалтгааны адил
Надад ямар нэг зүйл хэрэгтэй байна

Өөрийгөө бусдыг эвдэж байгааг гэнэт ухаарсан
Илүү ихээр эвдэхээсээ өмнө холдчих юмсан

Бас бусдыг үзэн ядах болж
Энэ сүнсийг зайлуулах юмсан


Tuesday, May 5, 2015

Бусдын инээд





Юу ч сонсмооргүй санагдах үе жилийн өмнө гэхдээ
 1 сард байсан санагдана.
Өөр цаг хугацааруу шилжчих шиг. Аомамэ шиг.
Магадгүй тэнгэрт 2 сар байхыг харах юм бол бүүр тэсгэлгүй цурхиртлаа уйлах биз.
Битгий инээцгээ ГУЙЖ БАЙНА

Wednesday, April 8, 2015

Бууж өгье

Тамир алга, эсэргүүцэх, тэнхэл ч алга
Цаашаа юу ч мэдэж, мэдэрмээргүй байна
Аз жаргалтай ч баймааргүй байна
Хайрлуулмааргүй байна
Хайрламааргүй байна

Төгсгөх бол тэр үхэл байх болно
Салалт биш

Wednesday, April 1, 2015

Хэн зааж өгөх вэ?

Явмаар байна, гэвч

Зураг зурахыг
Хөгжим тоглохыг
Бүжиг бүжиглэхийг
Шүлэг бичихийг чамд минь
           Хэн зааж өгөх вэ?

Хүмүүс ямар сайхан байдгийг
Хүмүүс ямар муухай байдгийг
Яагаад хүмүүс уйлдгийг
Яагаад хүмүүс инээдгийг
                 Хэн хэлж өгөх вэ? чамд минь

Энэ ертөнцөөс өөр ертөнц байдгийг
Тэнд ээж нь амьдардгийг
Тэр ертөнцөд хүн юуг ч мөрөөдөж болдогийг
Тэгээд бас чамайг ч бас тэдний нэг байж болно гэдгийг
                Хэн хэлж өгөх вэ? чамд минь

Үүлс үнэндээ ягаан өнгөтэй байдгийг
Бороо үнэндээ хөв хөх өнгөтэй байдгийг
Тэнгэр үнэндээ улбар шар өнгөтэй байдгийг
Нулимс үнэндээ нов ногоон өнгөтэй байдгийг
               Хэн хэлж өгөх вэ? чамд минь

Чи мэдэхгүй

Миний цусны амтыг чи мэдэхгүй
Шаналын минь аагийг ч тэр

Чичирхийллийн минь хашгирааныг ч мэдэхгүй
Өвдөлтийн минь шархиралтыг ч тэр

Дуслах цус минь дуусахыг чи мэдэхгүй
Сүнс минь тэр чигтээ орхиж явахыг ч тэр


Дахиад цус амтагдана

Цус шүүрч эхэлнэ,
Бага багаар
Дуусна, хэзээ нэгэн цагт
Тэгээд үхнэ

Үхэлрүүгээ би бага багаар
Ойртож байна
Үхэлрүүгээ би яарахгүй байна
Гэхдээ би хоцормооргүй байна


Friday, March 20, 2015

Хаана би түр хорогдох вэ

Гүн гүнзгий байх тусам цус илүү их урсана
Шарх төдий чинээ удаан анина
Бүх цусаа юүлэх гэж
Илүү гүн шигдэнэ

Толгой эргэнэ, уначихаасай
Унаж өгөхгүй
Зүрх өвдөнө, зогсчихоосой
Зогсож өгөхгүй

Яагаад түр тасалдахыг хүснэ
Мэдэхгүй, үнэндээ би мэдэхгүй
Ийм их хүлцэхүйд
Өөрийгөө өрөвдөж, бас зүхэж суух
Угаас ийм л байсан
Юу бодож байна
Мэдэхгүй, үнэндээ би мэдэхгүй

Нулимс нүд хорсгоно
Нүд уйлмаар байна гэнэ
Нулимс нүдийг үзэн ядаж байна гэнэ
Хацар нулимсанд дасч байна гэнэ
Урууланд нулимсны амт таалагдаж байна гэнэ

Түр хорогдуулаач, хаа нэгтээ
Түрхэн зуур, өөрийгөө олоход минь туслаач
Илүү ихээр бусдад төвөг болохгүйн тулд
Өөрийгөө би татаж гаргах хэрэгтэй байна

Ойлгуулж үл чадах

Чадахгүй зүйл их юм, надад
Хайртайгаа ойлгуулж,
Бас хаяж явж,
Хайрлаж,
Бас хайрлуулж

Үргэлж нэг тийм тэнэг байдалд ордог
Үл итгэсэн, итгүүлсэн
Бас хэтэрхий их тайлбарласан
Нялуун үгээр пологтуулсан

Хэтэрхий төвөгтэй, ойлгомжгүй
Хэтэрхий гүн гүнзгий

Магад миний 2 амьдралд
Аль алинд нь цаг хугацаа
Хамгаас хэрэгтэй байж мэдэх
Орхих хэрэгтэй, аль альныг нь

Хэн хэнийг нь хайрлаж,
Бас хайрлуулж чадахгүй бол
Түр холдох хэрэгтэй

Үхлээ хүлээж буй модны тухай

Хорин долоо биш гучин долоо
Миний жинхэнэ нас гучин долоо
Хормой дэврэх,  магад ахин дурлах
Тэнэглэх, магад ахин алдах
Тэр бүгд ард хоцорсон мэт
Үхлээ хүлээж буй мод шиг
Илүү юуг ч хүсэхгүй байна

Шаналмаар зүйлс

Хайр хэр хүчтэй вэ?
Тэнэглэлд
Ганцаардалд
Цөхрөлд
Бүрэн дүүрэн автахаар
Тийм хүчтэй юу?
Бүгдийг орхих
Бүгдийг авах
Чимээгүй шаналах
Уйлаад л байх
Тийм их өвдөлттэй юу?

Орхиж чадахгүй байхад
Орхиод явчих ч амар уу
Өвтгөж байхаар үлдээчих нь амар уу
Чадах болов уу? Би



Tuesday, March 10, 2015

Хаана ч байхгүй ертөнцөд амьдрагч

Дүр эсгэгч гэж дахин дахин сонсоход цочирдсонгүй
Үдэш бүр зочилдог тэр чөтгөрийг өөрөөсөө явуулалгүй
Бүр илүү гүнээр энэ харанхуйдаа амьдармаар
Юугч илүү хүсэхгүй, нулимсаараа урц хийгээд нойрсоод л баймаар

Өөр өөрсдүүд



Өөр шиг нь бодоогүйг, өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй
Өөрийг нь ойлгохгүй тухай өөрөө өөрсдөө л бухимдана
Өөрсдийгөө л боддог хувиа хичээсэн өөрсдүүд
Өөрөө л хамгийн ихээр шархдаж байна гэж чарлана

Угаас өөр гэдгээ мэдээгүй, өөрчлөгдөхгүй гэдгийг ухаараагүй өөрсдүүд
Бусдаас болж тэвчих, тэсэх, дотрох хүнээ булшлах өөрсдүүд
Яг тэнцүү шатаж байгаагаа огт мэдээгүй өөрсдүүд
Яг ижил цусаа урсгаж, амьсгалаа тасалж байгаагаа мэдрээгүй өөрсдүүд



Monday, March 9, 2015

Өөрийгөө хайрлах нь "харгислал" тухай

Өөрийгөө жаргалтай байлгаж
Өөрийгөө эрхлүүлж
Өөртөө л таалагдаж
Өөрийгөө л хайрлах нь "харгислал"
Хамгийн том "нүгэл"

Бүх зүйлд чи өөрөө буруутайн учир
Бүх зүйлийг "тэвч"
Бусдын төлөө амьдар
Хариуцлагаа хүлээ

Одооноос өөрийгөө март

Би байхгүй байхын төсөөлөл ч үгүй

Явж байгаагүй, хэзээ ч
Орхиж байгаагүй, хаана ч
Гэвч одоо дуу хоолой минь тасалдаж байна
Хүч минь барагдаж байна
Түүний төлөө амьсгалж чадахааргүй болж

Аймшигтай өвдөлтийг

Нүдээ анина, унтах гэж хичээнэ
Энэ миний цорын ганц аврал
Гүн нойрсох нь хамгийн том тайвшрал
Өвдөлтийг анагаах шиттэн

Аниргүй байх нь аймшигтай
Сааралтана, бүх зүйлс
Дайвалзана, эргэн тойрон
Сэрэхэд, би үхсэн байна

Friday, March 6, 2015

Байхын тухай

Хүзүүгээ үе үе илнэ
Үсээ ч бас хэдэндээ орооцолдуулна
Чихээ бас имрэнэ
Уруулаа хааяахан зөөлөн хазлана
Нүдээ аниад хэсэг хэвтэнэ
Тэр үедээ инээмсэглэнэ
Түүний харж байгааг мэдрэх бүрдээ
Өөрийгөө хамгийн сайхан нь гэж төсөөлнө
Нүдээ нээж өөр тийшээ харж бодлогошроход
Тэр харсаар л байна, би инээмсэглэнэ
Би дуртай, энэ мөчид
Намайг ширтэхэд чинь
Биеээр минь нэвтрэнэ чиний харц
Халуун дулаанаар


Tuesday, February 10, 2015

Өдөр бүр нэгийг

Нэг нэгээрээ далавч минь унана
Нэг нэгээрээ навч минь унана

Monday, February 9, 2015

Цайны цагийн тайвшрал




Асар их гуниг
Хөгжмийн эгшигтэй хамт
Сэтгэл дотор хөвж
Хамт явъя гэж
Уриалгахнаар дуудна

Тэнд их сайхан гэнэ
Тэнд таних нэг ч үгүй гэнэ
Тэнд мөн араатан ч байхгүй гэнэ
Тэнд хэн ч хэнтэй хамааралгүй гэнэ

Saturday, February 7, 2015

Хачин ӨГЛӨӨ


Сэтгэл дотор таагүй мэдрэмжтэйгээр сэрнэ.
Шартчихсан хүн шиг. Гэвч ходоод биш
сэтгэл минь шартчихаж.
Үгүйрэн хоосорсон сэтгэл, урам зориг.
Унтарсан зүрх сэтгэл.

Зүг чиг алга
Төсөөлөл ч бас
Хэцүү санагдаж байгаа зүйлс
Амьсгалахыг минь хүртэл хорино
Хүрч үзээгүй ч төсөөлөл минь
Хэцүү л гэж мэдрүүлнэ.
Үнэхээр л хэцүү санагдаж байна.
Миний төсөөлж байгаа зүйлс
Хар дарсан зүүднээсээ салж чадахгүй
Өглөө сэрэхэд хүртэл
Тэр зүүд
Нүдний минь өмнө
өөр хэлбэр дүрстэйгээр
өөр өнгө будагтайгаар
Өрнөнө...

Надгүй чи

Өдөржин, шөнөжин яриад ч чиний
Ярих зүйл дуусахгүй бололтой
Яасан ч баялаг юм, яасан ч гэгээн юм
Ямар ч яруу юм, ямар ч утга төгөлдөр юм
                            Чиний амьдрал...
Би байдаг болохоор
Бүүр илүү ихээр
Бүтэн болдог гэж
Би өөрийгөө тоож байлаа
                           Чиний амьдралыг...
Надгүйгээр сэрэх нь хэцүү биш ч
Намайг бодолгүй өдрийг барах нь хэцүү гэж
Зүг бүрийн салхинд минийх байгаасай гэж хүсэхгүй ч
Зүсийг минь харахгүй нь бачууруулдаг гэж
                          Чиний сэтгэлийг...
Тэр их яруу, утга төгөлдөр амьдралын
Тэр их баялаг, гэгээн сэтгэлийн
Хаагуур нь намайг багтаах зай байсныг
Хаана нь би амьдрах сиймхий гарсныг
                        Чиний хайрыг...

Чамайг би өөрчилсөн үү
Чиний сэтгэл бүтэн болсон уу
Чи мэдрэх ёстойгоо мэдэрсэн үү
Чамд би өгөх ёстойгоо өгсөн үү

Надгүй чи
Байж болохыг
Бурхан баталж байгаа ч
Чамгүй би байж болохгүйг
Бурхан биш би өөрөө батална

Friday, February 6, 2015

Тайвшрал минь

Амьсгалах ч агааргүй бүгчим үед
Харах ч гэрэлгүй харанхуй хонгилд

Амьсгалах агаар минь
Тайвшрал минь
Гэрэл минь

Бүгд арилж үз

Хутгаар сийчүүлнэ
Гарныхаа судсыг
Хүзүүнийхээ ч тэр
                 Тэгсэн ч амьсгалсаар, инээмсэглэсээр

Хазуулах нь хүртэл амттай санагдах
Хутганы үзүүр илүү хурц байгаасай гэж хүсэх
Өөрийн шүд ч хурцлагдаж,
Улаан нүдэндээ дурлана
                Энэ чигээрээ амьдармаар

Monday, January 26, 2015

Чимээгүй хар даралт

Хар хөлс цувна
Хар дарна
Амьсгал бачуурна

Нүд аниастай
Инээмсэглэлтэй царай
Аз жаргалтай мишээл

Өчигдрийн үзэн ядалт хаачив
Өчигдрийн эмзэглэл хаачив
Давчдал ч бас, үгүйрэл ч бас


Friday, January 23, 2015

Бодит байдалтай нүүр тулахад

Цоожтой хаалга нүдэн баахан зогсов. Түлхүүр нь байхгүй, эсвэл анхнаасаа цоожтой байсан байх. Эсвэл угаас цоожгүй байсан ч байж мэдэх юм. Дэмий түлхэж, хайж, онгойлгох гэж хичээв. Гуйв, хэн нэгнийг онгойлгож өгөхийг.

Түлхэх хүчээр өвдөлт мэдрэгдэнэ. Энэ хаалганы өмнө цаг хугацаа өмнөхөөсөө ч хурдан өнгөрнө. Бачуурна. Алдсан цаг хугацааны төлөө, өөрийгөө үзэн ядна, ийм байгаадаа, ийм байдагтаа. Үзэн ядалтаа өвдөлтөөр наймаалцахыг хүснэ.

Жижиг зүйлийг ч жижиг гэлтгүй, хамгийн жижгээс эхлэх ёстой байж.


Thursday, January 22, 2015

Дундраагүйг

Дасаж байх шиг байна
Дүр чинь харагдахгүй цаг мөчид, гэвч
Дутуу амьсгалсан хэвээр

Байхгүйд чинь магадгүй
Би илүү чөлөөтэй байдаг, гэвч
Бүтэн унтаж чадахгүй хэвээр

Эрж хайх юм, ямар нэг зүйлсийг, өдөржин
Сэтгэл дотроосоо, дурсамжаасаа, төсөөллөөсөө
Эргээд ирэхэд чинь инээмсэглээд сууж байх
Сүүлчийн амьсгалын үнэтэй тэр мэдрэмжийг
Дахиад явахад чинь хүртэл тэр хэвээр нь хадгалахын тулд
Далдаас далд ганцхан би л мэдэх тэр л хэсэгт үлдээе

Дундраагүйг,
Дахиад л илүү ихээр хайрлахыг
Нүдний чинь арьсанд хүрэх тэр мэдрэмж
Чичирхийллээр үргэлжлэхийг ахин хүсч байхад
Эргэлзэх хэрэггүй ажээ


Sunday, January 11, 2015

Илүү удаан

Бусдыг өөрийнхөөрөө байлгаж болдоггүйг анх удаа ойлгосон. Түүнийг хайрлаж байгаа учир өөрийнхөөрөө байлгаж болно гэж бодсон. Хайрлаж байгаа нь түүнд өгч байгаа бэлэг гэж бодсон. Хангалттай зөөлөн, аядуухан, хүндэтгэлтэй байдгаа ингээд л болоо гэж бодож байсан. 
Гэхдээ тэр их өөр гэдгийг ахиад нэг ойлгосон. Түүнийг яг одоогийнхоор нь байлгахын тулд өөрийнхөөр нь байлгах хэрэгтэйг. Илүү удаан хайрлуулахын тулд ахиж би юуг ч хүсэхгүй.
Өнгөрсөн 1 жилийг минь мартагдахааргүй байлгасанд, бусдаар өөр гэдгийг минь хамгийн ихээр мэдрүүлсэнд нь Хүссэн үедээ явах болвол би шүдээ зуугаад ч гэсэн тэвчээд үлдэнэ ээ

Улаан

Усаар дүүрэн ванн.
Цус дуслана, бага багаар
Удалгүй ус улаан өнгөтэй болно
Бүхэл биеэрээ хэвтэнэ
Алга болно
Амьсгалахгүй, харахгүй, сонсохгүй

Их гоё юм улаан өнгө

2014 онд зориулж

Оноос өмнө бичнэ гээд чадсангүй. Тэр үед санаанд орж байсан зүйлс ч өдөр хоногуудтай хамт мартагдсан бололтой.

Ямартай ч 2014 оныг өөрийн зүгээс дүгнэх хэрэгтэй байх.
1.Маш хурдан өнгөрсөн
2.Маш чухал хүнтэй танилцсан
3.Маш чухал шийдвэр гаргасан.

Бүхэлдээ тэр чигтээ бэлэг байсан. "Хайр", "Итгэл", "Урам зориг".
Хэзээ ч бодож байгаагүй зүйлс мэдрэгдэж, харагдаж, гарт баригдсан.
Зөөлөн салхи салхилсан, зөөлөн бороо шивэрсэн, зөөлөн цас бударсан бүх зүйл нь төгс жил байлаа.
Би өөрөө хичээгээгүй байсан бүх л зүйл сайнаар эхлэж, сайнаар өрнөж, сайнаар дууссан. Итгэмээргүй. Бүгд л аяндаа сайн сайхан байсан. Сайхан хамт олон, сайхан хүн, сайхан найз.
Том өөрчлөлтийн жил байсан. Өөртөө итгэлтэй байна гэж юу болохыг мэдсэн.

Эсрэгээрээ санаа алдах зүйлс бол зарим зүйлсийг золиосолсон, завгүй гээд зарим нэгэнд цаг гаргаагүй, бас хангалттай их хичээгээгүй.
Хувь тавилангийн надад өгсөн бэлгийг хэрэгтэйгээр ашиглалгүй байлгаад л байна.
Бага зэрэг тайвширсан юмуу даа.
Бусдаар өөр гэдэгтээ, бусдаар хайрлуулсандаа юмуу.
Бардамнасан бололтой.
Байгаадаа сэтгэл ханасан ч юмуу.

Оны эхлэлийг бага зэрэг сэтгэлээр унаж эхэлж байна. Сэтгэлээр унаж байгаагаа, хий дэмий шаналж байгаагаа, ингэж бичиж суугаагаа ч бусдаас өөр учраас гэж зөвтгөлгүй, хэн нэгэн тайвшруулна гэж найдалгүй одоо өөрийгөө гүйлтийн зам дээр гүйлгэх хэрэгтэй байна. Зогсох товчлуур нь эвдэрчихсэн зам дээр.
Мэдээж тэр хүрэх цэгт өөрөө зогсох болно.