Хийдийн зүүн хаалганы үүдэнд 2 хүн санамсаргүй ч
юм шиг санаатай ч юм шиг тааралдана. Эмэгтэйн хувьд яг өнөөдөр шиг саарал
хувцастай бас саарал тэнгэр шиг өнгөөр сэтгэл нь дүүрэн алхаж байлаа. Харин
эрэгтэй нь шар хавтастай ном сугавчилаад хурдан хурдан алхсаар тэд уулзалдлаа.
Хамтдаа хийдийн зүүн хаалгаар орж ирнэ.
Инээмсэглэл, өдөр тутмын энгийн уулзалтаас өөр, бага
зэрэг хөндий, дөлсөн харьцаа. Тэд явсаар их шүтээний өмнө ирлээ. Хүйтэн бас
саарал өдөр учраас хүний хөл бараг харагдахгүй. Салхи үе үе хүчтэй салхилж
эмэгтэйн хормойг хийсгэнэ. Түүний гар, хамаг бие маш их даарч байсан ч өөрийгөө
даарах юу ч биш, тэрнээс илүү бүтэлгүй амьтан гэж дотроо өөрийгөө зүхэх нь
түүнийг хорвоогийн хамгийн гутранга хүн гэж ч хэлж болохоор хамгийн том жишээ
байлаа. Эрэгтэй түүнийг өөрийгөө зүхэж эхэлснийг мэдээд тайвшруулах ёстой байх
гэж бодсон ч угаас түүнийг өөрөө өөрийгөө л тайвшруулна гэдгийг мэдэж байсан
учир огтоос тайвшруулах үг хэлсэнгүй.
Тэд хэд гурван үг сольж ч амжаагүй байхад эмэгтэй
түүнийг тэврэн аваад үнсэв. Тэгээд ахин чангаас чанга тэврээд:
“Би тэр хөв хөх тэнгэрлүү явлаа...” гэж хэлээд
эргэж харалгүй яг тэр “хөв хөх тэнгэр”-лүү яваад өгөв. Үнэхээр л эмэгтэйн явж
байгаа зүгт саарал тэнгэрийн ирмэгт “хөв
хөх тэнгэр” байсан юм. Эрэгтэй түүнийг “хөв хөх зүг” гэж нэрлэлээ.
Эмэгтэй уйлж байлаа. Сэтгэл дотроо “Энэ сүүлчийн
уулзалт байх ёстой” гэж хэлэн нулимсаа арчина. Гэвч энэ нь эмэгтэйн өөрийгөө
шийтгэж байгаа ердийн нэг амлалт байсан юм...
Хотын төв хэсэгт орших хуучны хийд. Хийдийн том
хашаан дотор хэд хэдэн сүм, эсвэл сүм хэлбэртэй барилгууд байх бөгөөд хийдийн
зүүн баруун талд нэжгээд өндөр төмөр хаалга үргэлж онгорхой байх ажээ. Хаврын
дунд сарын тэр нэгэн хүйтэн салхитай үдэш хийдийн хашаан дотор хүн амьтангүй
сэлүүхэн, хаа нэг гэр лүүгээ яарсан хүний түргэн алхах чимээ чулуун зам дээр
тог тог хийн сонсогдож, аажмаар алслан одно. Салхинд хийссэн хог шороо хуйлран
эргэлдэж, жижиг ширхэгтэй цас хүчтэй салхинд туугдан хацар нүүрийг хайр найргүй
шавхуурдавч газарт унаад төдхөнөө хайлах ажээ...
No comments:
Post a Comment