Sunday, March 9, 2014

Тагтан дээр гарч тамхилмаар л байсан

...Ватанабэгийн оюутны дотуур байрны тухай уншаад хэвтэж байсансан. Тэгээд юу боллоо... "Аан тийм хоолны газар 1-р курсын шинэ охинтой таараад мөөгтэй шарсан өндөгний тухай ярьж байсан."  Би унтчихжээ. Харин юу зүүдэлснээ санахгүй юм. Уг нь нэг минут унтсан ч зүүдэлдэг хүн бараг цаг гаран унтахдаа юу ч зүүдлээгүй эсвэл түүнийгээ санахгүй байлаа. Харин яагаад ч юм би нэвт норчихсон, хөлөрчихсөн байсан юм. Халуурсан юм боловуу гээд толгойгоо барьж үзэхэд үгүй, бие ч тавгүйрхээгүй байлаа. Уг нь Ватанабэгийн тухай үргэжлүүлэн зүүдэлж, эсвэл нэг утгагүй хэзээ ч очиж байгаагүй газраа оччихсон юуг ч юм хийгээд гээд зүүдлэх байсан.
Надаас үргэлж хамааралтай бас би өөрөө хамааралтай байдаг тэр бичил хүн унтаагүй байжээ. Би сэрэхтэй зэрэгцэн тэр надаас хамааралтай учраас өөрийг нь унтуулахыг харцаараа шаардсан юм. Би ч түүнээс хамааралтай учир түүнийг унтуулах гээд хичээж байлаа. Гэвч миний хэвлий эсвэл ходоод хэсгээр хүчтэй өвдөхөд түүнээс өөр тусламж хүсэх хүн байсангүй. Түүний гар өчүүхэн жижиг, гарынх нь даралт нь ч хүчтэй биш ч тэр хэсэг халуу төөнөж бага ч гэсэн өвчин намдах шиг. Тэр үед "тиймээ, ямар ч үед түүнээс өөр намайг хамгаалах, хайрлах хүн үгүй юм даа" гэдгийг дахин дахин ойлгож, санаа алдлаа.
Цонхоор хэдэн айлын гэрэл асаалттай. Нөгөө өрөөнд бас бус хүмүүс.
Сүнс минь биенээсээ чөлөөлөгдөхийг хүссэн зөөлөн мэдрэмж дахиад мэдрэгдэх шиг. Угаас ямар нэг зүйл унших бүртээ би өөрийн мэдэлгүй сүнснийхээ хүлээсийг тайлдаг ч юмуу эсвэл тэр өөрөө тайлагдахыг хүсэж чарладаг ч юмуу, учиргүй бие тавгүйрхэх юм. Ямартай ч хэзээд үргэлж тэр миний биенд дасаад эхэлвэл, би тэр чигтээ хэзээ ч энэ хэсэг газраас салж чадахгүй, ядаж сүнсээ ч болтугай дуртай зүгрүүгээ явуулж чадахгүйд хүрэх учраас ямар нэгэн номны гол дүр Ватанабэд баярлах ч шиг.
Өрөө бүхэлдээ чимээгүйд автахад би орноосоо өндийлөө. Нээлттэй зүйл их байжээ, миний өрөөнд. Сэтгэл минь хүртэл цэлийгээд хаалгаа нээчихсэн байсныг би өөрөө ч анзаарсангүй. Хаагаад цоожилж орхилоо. Тэгээд хамгийн түрүүнд бодогдсон зүйл:
"Гэрэлтсэн, нимгэн шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна" /Л.Өлзийтөгс "Шөнө дунд цас орж байна/ гэж дуулаад тамхи татмаар болсонсон. 
00:00

No comments:

Post a Comment