Friday, December 27, 2013

Юу хүний сэтгэлийг дүүргэдэг юм бол?

 Бэлэг бэлэг бэлэг, дүүрэн бэлэгтэй өдөр. Сайхан ёстой сайхан байсан, сайхан ч бэлэгнүүд авсан. Тэр нь ийм энэ нь ийм гэх аргагүй л сайхан бэлэг. Сайхан уур амьсгал..........Гэвч энэ бүгд дурандаа ч юмуу хүчээр ч юмуу ямар ч бодь чанаргүй баяр ч юм шиг. Баярлаал, хөөрөөл байдаг, юуны тулд яасан ч гэж баярлаад байгаан бүү мэд. Өөртөө гутах шиг. Угаасаа аймшигтай их гутарч гутаж байна. Гунигтай байна. Ямар ч сайхан зүйл болсон яагаад л гуниг дагаад байдгийг ойлгохгүй юм. Одоо болтол зүг чигээ олохгүй. Ичгүүртэй ч юм шиг. Ичгүүртэй амьдраад байгаа ч юм шиг. Ер нь амьдрахгүй байгаа ч юм шиг.


Юу хүний сэтгэлийг дүүргэдэг юм бол оо? Яавал гуниггуйгээр аз жаргалтай баяртай байх болоо? Хэзээ сэтгэл хангалуун инээмсэглэх бол? Эсвэл хором мөч бүрээ өөрөө аз жаргалтай болгож, аз жаргалтай байна гэж итгэж, сайхан байна гэж мэдрэх юм болов уу?
Гэвч тэгэж чадахгүй юм. Бараг хэзээ ч тэгэж байгаагүй байх.
Өдөр өдрөөр би хөгширч, өдөр өдрөөр би дуусч, өдөр бүр би нэг зүйлийг бага багаар алдаж байна. Яг л элсэн цаг шиг түгшүүртэй.

Би дуусч байна, уусч байна, урсаж байна
Өөрөө өөрийнхөө бодолд, мэдрэмжинд, шуналдаа
Төсөөллөөрөө бий болгосон хананынхаа дунд
Өөрөө би шатаж сууна
Үрэгдэж байна, үхэж байна
Дараа төрөлдөө ахуйлаг бүхнийг шүтэхийн төлөө
Зальбирч байна,
Энгийн бүхнийг энгийнээр нь
Сайхан бүхнийг сайхнаар нь
Мэдэрч, гуниггүйгээр инээмсэглэж
Яг байгаагаараа яг тэр мэдрэмжээрээ
Амьдарч сурахын төлөө зальбирч байна



Мэдрэмж төсөөллөөрөө амьдарч байгаад маш олон зүйлийг зүгээр өнгөрөөж байна, чамайг “чи”-гээр нь, өөрийгөө “би”-гээр нь, цасыг “цас”-аар нь, нулимсыг “нулимс”-аар нь хүлээгээд авч, энгийн амьдрахсан.

Wednesday, December 11, 2013

Thomas Vitriol


Thomas Vitriol.... гоё хоолойтой франц дуучин ...   таалагдаж байгаа...Гоо сайханлаг........... https://soundcloud.com/bflower-1/thomas-vitriol-edith-piaf-mon 




Thursday, November 28, 2013

Автах гээд байна

Зүүд, зөнгийн санаашралд
Тэдгээрийн эмзэглэлд
Төсөөлөл, шуналын үнэрт
Хорлогдох гээд байна
Уянга, яруу, үзэсгэлэнд
Тэдгээрийн хашгираанд
Хүсэл, эсрэгцэлийн сүүдэрт
Автах гээд байна



Monday, November 11, 2013

11.11 "Нээлттэй биш нээлттэй"

Би хүүхэд байхдаа усаар байлдаж чаддаггүй байлаа. Бас хөөцөлдөж ч тоглодлоггүй байсан. Багахан эрсдэл, сөргүүлэг гаргахаар тоглоомонд оролцоггүй байсан гэсэн үг.
Миний амьдралд эсэргүүцэл, сөргүүлэг гэж байсангүй. Бүх зүйлд аясыг нь харах, эсвэл зүгээр л орхих гэсэн сонголт хийдэг байсан. Одоо ч тэр.
Намайг хүн гаднаас минь хараад чалчаа, илэн далангуй, хүнтэй хэл амаа хурдан олдог, хэн нэгэнтэй амархан ойртож нөхөрлөдөг ер нь бол "нээлттэй хүн" гэж хардаг. Би ч өөрийгөө "би бол нээлттэй хүн" гэж зарласаар, бодсоор ирсэн.
Саяхан хамгийн ойрхон бөгөөд хамгийн удаан найзлаж байгаа найзтайгаа ярьж суугаад маш сонин дүгнэлтэнд хүрсэн. Тэр найз маань хэзээ ч хурдан хүнтэй найзалдаггүй, ааш муутайдуу, гэхдээ харьцдаг хүмүүстэйгээ чухам нээлттэй хүн л дээ. Тэр хэзээ ч өөрийнхөө зөв юмуу, хэлэх шаардлагатай зүйлсийг хэлэлгүй өнгөрөөдөггүй юм. Бүр үргэлж шүү. Тэр надад ч юу бодож байгаагаа намайг гомдох, юм бодохвы гэж бодолгүй хэлчихдэг. Би заримдаа бүүр цочирддог.
Ингээд бодоод байсан надад хэд хэдэн тийм найзууд байна аа. Шууд л "Баярцэцэг ээ, энэ чинь надад таалагдахгүй байна, ингэхээ боль..." гэдэг ч юмуу, ямартай ч өөрийнхөө юу бодож байгаагаа шууд л хэлчихдэг. Зарим нь бүүр олон хүний дунд ч хэлчихдэг. Тэр найзууд маань харин огт нээлттэй биш, хаа хамаагүй хүмүүстэй чалчиад байхгүй, олны дунд ороод гол дүр болоод бужигнуулаад байхгүй, түрүүлж алхам хийдэггүй хүмүүс. Надад байдгүй тэр занд нь болоод би тэдэнд хайртай байдаг байх. Харин тэр "шууд хэлдэг" гэсэн чанарууд нь намайг заримдаа голд минь ортол гомдоодог. Сайндаа ч биш би өөрөө л гомдчихдог хэрэг. Тэд бол ингэж бодно гэхгүй л хэлж байгаа юм, би өөрөө тийм биш болохоороо л цочирдсондоо гомдчихдог байх.
Угаас миний "уурлах" гэдэг зан бүхэлдээ "гомдох" гэдэг зангаар солигдсон байгаа юм. Нөгөө алдарт "нээлттэй хүн" чинь хаачив? Дуугаа хураагаад, юу ч болоогүй юм шиг дүр эсгээл, юугч шийдэхгүй зөнд нь хаячихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл "ХУЛЧГАР" гэсэн үг.
Хүн таагүй байгаагаа, өөрт таалагдахгүй байгаагаа, эвгүй байгаагаа, гомдож байгаагаа, уурлаж байгаагаа хэлэхгүй байгаад байхаар эцэстээ зүгээр л дотогшоогоо амсартай сав болж байгаа юм. Гадагшаагаа юу ч хальж асгарахгүй. Зөвхөн гаднаас л янзан бүрийн юм ороод л байдаг. Хэзээ ч дүүрэх юм байгаан бүү мэд? Ингэж өөрийгөө дотогшоо амсартай сав болсоноо саяхан л мэдэж авсан юм. Энэ их бугшилт сүүлдээ амьдралаас залхах, бүх зүйл хий хоосон санагдах, бүх хүмүүс хуурамч утгагүй харагдах юм билээ. Өөрөө ч энэ байдалдаа дуртай байх шиг, дасах ч шиг.
Гэхдээ ганцаардаад, тэсэхээ байгаад ирэхээр юу ч гадагшаа гарч өгөхгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Гаргаж чаддаггүй чанар угаас миний хүүхэд байхад бүрэлдсэн зан байж.
7-р ангид байхад манай ангийн миний сайн найз намайг шоглоод би баахан уйлаад, гэхдээ би өөрөө тэрэнд гомдсон тухайгаа юу ч хэлээгүй, 1-р курсэд байхад миний бас л сайн найз миний куртикийг нуугаад гэртээ өвлийн хүйтэнд нүцгэн харихаа шахаад баахан уйлаад бас л юу ч хэлээгүй, 5-р курсэд байхад миний бас л найз миний дипломны ажлын орчуулгыг эгчээрээ хийлгэж байгаа гээд бүтэн 2 сар таг нууж байгаад хийгээгүй гэж хэлэхэд би бас л юу ч хэлээгүй. Үүнээс хойш ийм явдлууд болсоор л байсан.
Тэдэнд яагаад уурлаж чаддаггүй байсан нь бүгдэд өөрийгөө буруутгаж байсантай л холбоотой. Би л буруутай учраас ийм явдал болсон, эсвэл тэрэнд үнэхээр тэгэх шалтгаан байсан ч гэж бодож, уурлаж чаддагүй байсан юм.
Уур гомдол болсон нь, таагүй байдлаа хэзээ ч хэлдэггүй байсан нь, хэн нэгэнд бодож байгаагүй шууд хэлчихдэггүй нь, асуудлыг зөнд нь орхидог нь бүгд л ганцхан шалтгаантай. Тэр бол "ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БАЙДАЛ". Би хэрвээ жоохон ч гэсэн өөртөө итгэлтэй байсан бол ядаж ганцад нь үгүй, би тэгэж бодохгүй байна, энэ надад таалагдахгүй байна, би чамд уурлаж байна гэж хэлэх байсан бизээ.
Цаг үргэлж дотогшоогоо болж байгаа би, өөртөө итгэх итгэлийн хэлтэрхийг ч олж чадахгүй байгаа би цаашдаа энэ шалбаагандаа байсаар л хэн нэгэн, эсвэл цаг хугацаа шийдэхийг хүлээн суух....
Гаднаа хэний ч чадахгүй тэр их "нээлттэй зан"-г бий болгочихоод дотроо ямар их хар бараан, гүнзгий, нүүгэлсэн хүн байснаа саяхан л ойлгож байгаадаа харамсаж байна.
Ямартай ч "хаалттай, хаалттай хүн" болохоосоо өмнө өөртөө итгэх итгэлийг олж авах эрэлд гарахаар шийдсэн.

Friday, November 1, 2013

Ахин нэг нээлт.

10 сарыг өмнөх амьдралын хэмнэлээс тэс өөрөөр эхэлсэн. Энэ хэмнэлээрээ нэг хэсэг явах байх, илүү их хичээх хэрэгтэй гэсэн хүсэл зоригоор эхлүүлсэн. Гэтэл дахин нэг нээлт, хаалга өмнө минь нээгдчихлээ. Харин энэ удаа өмнөхөөсөө илүү ихээр хичээх, тэвчих, зоригтой байх, зөвхөн өөрийгөө бодох хэрэгтэй болж байна.

Өнгөрсөн хугацаанд хамгийн их ойлгосон зүйл бол "ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ БОДОХ"!!!

Энэ нээлтийн өмнө би ахуйлаг, хувиа хичээсэн, бас зоригтой, хүчтэй байна гэж амлалт өгч байна.

Замд хэн ч юу ч гарч ирсэн би өмнөхөөсөө өөрөөр хүйтэн хөндий инээмсэглэн угтах, бас зөрж, туулж гарах болно.

Хэн нэгэнд сул дорой, тэнэг харагдаж байснаа би ахуйлаг бус амьдарч байна, би бүх зүйлийг "аан" гэж өнгөрөөдөг гэж өөрийгөө өмөөрч бодож байсан. Гэтэл энэ нь зөвхөн өөрийгөө хуурч байсан хэрэг байж. Одоо ингэж ахуйлаг бус гэдгийн цаана сул дорой байдлаа нуухгүй ээ.


.....Удахгүй шинэ жил болно. Өвөл биш шинэ жил болно. ...Ногоон,,,, бла бла......Гэхдээ энэ баяр ёстой утгахгүй. Зүгээр л цагийн зүү 12-луу дөхөх мөч л гоё. Яг л хүссэн хүсэл биелэх гэж байгаа мэт догдлолтой мөч. Хүсэл биелэх...Харин энэ жил би ямар ч хүсэл шивнэхгүй ээ.....

Friday, October 25, 2013

Нарны туяа, Кофе, Кола гурав минь.

Нарны туяаруу, нар руу нүдээ аниад бүтэн нүүрээ харуулах дуртай. Нарны дулаан элчээр амьсгал авах шиг, түүгээр хооллох шиг, түүгээр аз жаргал мэдрэх шиг, арьсныхаа эд эд ширхэгээр түүнийг өөртөө шингээж хайрыг мэдрэх шиг.

Кофе, Кола хоёр санаандгүй нэг үсгээр эхлээгүй байх. Тэд бол гайхамшиг. Би үнэнч фэнүүд шиг нь гүн нэвтчээгүй ч гэсэн тэдний гайхамшигтайг мэддэг байсан.

Хятад дуунуудад дуртай болж байгаа. Магадгүй өмнө нь өөрөө ч мэдэлгүй дуртай байсан ч байж мэдэх юм. Ихээр тааралдах "Ш", "С" үсгүүд бас л гайхамшигтай.

Өөртөө гутрах үзлээ зөвхөн өөрөө өөрчлөнө гэдгээ өөрөө хамгийн ихээр мэддэг мөртлөө бусдаас хайж байдаг. Бусдын магтаалд дуртай. Хамаагүй ээ худлаа байсан ч болно. Гэхдээ би худлаа байвал дорхноо мэдчихдэг юм.

Толинд хараад бусад эмэгтэйчүүдийн адил "Би бол хамгийн сайхан эмэгтэй, үзэсгэлэнтэй сэтгэл булаам эмэгтэй" гэж хэлж, бодож байгаагүй, хэзээ ч. Гэхдээ ингэж чаддаг байх нь олон зүйлд хэрэгтэйг ойлгосон. Үнэн биш байсан ч хамаагүй.

Маш их зүйл өөрчлөгдөж байна. 2 өдөр юу ч хийж бүтээсэнгүй. Юу ч хийхгүй байна гэдэг маш том нүгэл. Ердөөсөө ч их суугаагүй юм байж хүзүү аймшигтай ихээр өвдөж хөшиж байна. Гутармаар, юу ч хийгээгүй байж.

Маргааш юу болохыг, миний шийдвэр аль нь зөв болохыг мэддэг ч байсан болоосой. Шийдвэр гаргаж чадахгүй байгаадаа галзуурах нь....

Гудамжаар тамхи татаж, хэн нэгэнтэй инээлдэн алхана гэдэг залуу насны алдаа байсан ч энэ бүхнийг мэдэрч байгаа залуу насандаа одоо ч гэсэн байгаадаа баяртай байгаа. Угаасаа яг одоо чи юу хиймээр байгаагаа хий, үнэхээр чи өөрөө үүнийг хүсч байвал шүү дээ. Ахиж би 20 гаран настай байхгүй, ахиж би сахилгуутаж чадахгүй, ахиж би дурлаж чадахгүй, ахиж би шархалж чадахгүй, тийм ч зав байхгүй болно. 20 гаран настай байгаадаа амжуулах юм их байна. Алдах юм ч их байна. Өөр нэг бүхэл тооруу шилжихээсээ өмнө.

Нарны туяа, Кофе, Кола гурав минь.


Thursday, October 24, 2013

2013 оны 3 сар

Айж байна, айдсаасаа айж байгаа
Айдсаасаа айж байна
Маргааш болохоос айж байна
Ахиад нэг алхахаас айж байна
Амьдрахаас айж байна
Ирээдүйг бодохоос айж байна
Илүү их амьсгалахаас айж байна
Утга учраас айж байна
Учрал, зовлонгоос айж байна
Нэхэл, хариуцлагаас айж байна
Хувь тавилан, төөргөөс айж байна
Шунал, хүслээс айж байна
Айдастайгаа би бүтэн амьсгалахгүй нь
Айдастайгаа би нуугдаж чадахгүй нь
Нүд дүүрэн нулимснаас
Сэтгэл дүүрэн өвдөлтөөс
Нүүрлэн ирсэн харууслаас
Би зугатмаар байна.
2013.3.9

Уйлсан ч толгой өвдөнө
Инээсэн ч толгой өвдөнө
Адилхан толгой өвдөх учир
Уйлаад л өвтгөчихье
Уйлаад будгаа арилгачихъя
Арилгаад ахиад уйлъя
Нүд, сэтгэл, тархиа
Өнгө ортол уйлъя
Нулимс өөрөө дуултал уйлъя
Нулимс өөрөө уйлтал уйлъя
Магад шалгааныг эрээд олохгүйн учир
Уйлаад л сууж байя
Маргааш болох нөгөөдрийг
Мэдрэхгүйн тулд уйлъя
2013.3.18

Өглөө бүр шартсан мэдрэмжээр сэрэх
Өр өвтгөм юм, сэтгэл шаналам юм
Шаналалтайгаа хамт нойрсож, зүүдэлж
Шаналалтайгаа хамт сэрэх юм
Бүх зүйлд давчидахад
Бүх зүйлд огиутас хүрэхэд
 Амьдрана гэдэг
Амьд байна гэдэг
Мөч бүрт өөрийгөө үхэж буйг мэдрэх
Агшин бүрт өөрийгөө дуусч буйг мэдрэх
Уйлмаар, бачимдмаар юм.
2013.3.19


Зарим өглөө шөнө мэт санагдаж
Зангуугаа тавьсан онгоц мэт хүнд оргиж
Нүдээ нээсэн ч харанхуй байх хонгил
Нүүр нүдгүй шороо шуурах мэт өвтгөм
Нар  сар мэт үзэгдэх
Тэнгэр хар гивлүүр мэт үзэгдэх
Сэтгэл, бие хүндрээд
Сураг тасарсан гэгээг хүлээгээд
Намайг мартсан наранд гомдож
Намайг тоох сарыг үзэн ядаж
Хэдий болтол ингэж шөнөөр сэрэх бол
Хэр удаан нарыг сар гэж харах бол...
2013.3.19

Тайшвралтай учрав
Шаазгай шагширч, өглөөг эхлүүлэв
Шаналал нам гүм болж би сэрэв
Өглөөг өглөө гэж мэдрэв
Нар надруу инээмсэглэв
Яг ингэж би түр зуурхан чөлөөлөгдөв
Юу ч болоогүй мэт амгаланг мэдрэв
Гэвч,
Тайвшрал өөрөө түр зуурынх болохыг
Дотоод сэтгэл, зөв билэг, оюун ухаан
Зэрэг ам булаалдан хэлэв
Би угаас тайвшралтай
Дэр нэгтгэн үл амьдрах
Үл таарах, үл зохицох
Тийм л ер бусын, ад зэтгэрийн
Тийм л гуниг гутралын ертөнцдөө
Илүү эрх чөлөөтэйгээр амьсгалдагаа
Түрхэн л мартсан байж
2013.3.1.21

Tuesday, October 15, 2013

нар жаргахад чамайг би санасангүй



Нар жаргахад би амьд байгаагаа мэдэрнэ
Харанхуй болоход би амьдарч чадахаа мэдэрнэ
Чамайг миний дэргэдээс явахад ахиад хүлээхээ мэдэрнэ
Гэвч эргээд ирэхэд чинь зугатмаар байгаагаа мэдэрнэ

 Гэрлэн чимэглэл, хотын утаа, хүмүүсийн алхаа
Тодорч, сааралтаж, хурдасч
Чамгүйгээр би амьд явж
Зүрх төөрч, сэтгэл булингартаж, зүрх минь гашилж
Чамайг би санасангүй


Хүлээхгүйгээр, догдлохгүйгээр амьсгалж болохыг
Хамтдаа байх учиргүй тийм нэг солгой харцыг
Төөрч, будилж, гашилж байж
Чи бол би биш гэдгийг ойлгох


Monday, September 30, 2013

9-р сарыг дуусахаар намайг сэрээгээрэй...

Хамгийн их нуугдахыг хүссэн сар ингээд шуударч байна. Хэлсэнчлэн, хүссэнчлэн 9-р сарын төгсгөлд би нойрноосоо сэрч байна.
Ахин нэг амаргүй сар... Гэхдээ нуугдах шаардлагагүй, харин тэмцэх, тэвчих, сөрөх, хүчтэй чанга байх ёстой сар. Гэвч надад одоогоор ямар ч энерги эрч хүч хайр алга.
Бүх зүйл утгагүй санагдсан хэвээр. Бүтэн сарын турш унтсан ч би бүрэн сэрч чадахгүй хэвээрээ л. Хэсэг хугацаанд Тори-гоос ангижрах ёстой юмсан. Нэгэнт энэ ертөнцийн хүн бол төрсөн тул үхэх өдөр хүртэлээ энэ ертөнцийн хүмүүсийн дүрмээр амьдарч бас зүгээр ч үгүй нэртэй устай үхэхсэн. Нэгэнт л бүгдийг өөрчилж чадахгүйгээс хойш нэг том санаа алдахаас өөрийг хийж чадахгүй билээ.
Эргэн тойрны бүгдийг хайрласаар залхаж байна. Одооноос хатуу чанга, хөндий хүйтэн, зожиг, хувиа хичээгч болох нь дээр ч юм шиг. Хайрласан хайрын хариу хүссэнээрээ байхгүйг мэдрэх бүр улам л сул дорой, өөртэй итгэлгүй гутранги болж, хайрын хариунаас шалтгаалж амьдарч байхаар хайрлахгүй байхад л болох.
Би бол эцэс төгсгөлгүй сул дорой гутранги үзлийн хатан хаан гэлтэй.
Бага инээж, бага ярьж, бага догдолж, бага санаж, бага хайрлаж, бага хүлээж, бага найдаж..........
Зөвхөн би өөрөө чухал, бас урьдынхаасаа илүү ихээр маш ихээр хичээх ёстой сар. Хүчтэй байх хэрэгтэй. Бүх зүйлд. Сэтгэлийн хөдлөл гэдэг зүйлийг авч хаячихдаг бол хичнээн сайхан.
Ямартай  ч 10 дугаар сар чи намайг өөр хэн нэгэн болгоно гэж итгэж байна.

Monday, September 23, 2013

Чангаах зүйл үгүй


Бүгдийг үл ойшоогоод, орхиод явах.... Сайхан мэдрэмж. Заримдаа зөвхөн өөрийгөө бодоод сэтгэл дотроо ганцаараа хаашаа ч юм тэнэх.
Орхигдсон бие цогзосоо хараад инээмсэглэх.... Жаргалтайгаар.
Сүнс ингэж чаддаг болохоороо л сайхан. Хэнд ч захирагдахгүй, хэнд ч хамааралгүйгээр.
Сүнс даарахыг, бас ганцаардахыг мэдэхгүй, мэдрэхгүй. Түүнд хэн нэгэнд гомдоллох чанар байхгүй. Хичнээн амар.

Бүтэн жилийн турш өвөл байвал би удахгүй явна, нээг их удалгүй явна. Чөлөөлөгдөнө.
Харин сатаарах зүйл гарвал, чангаах шалтгаан үүсвэл. Тэд бол өвлөөс бусад улиралаас л үүдэлтэй. Хүйтэн бол чөлөөлөлтөөс гаралтай.

Гэвч явахын өмнө чамд ятгагдмаар ч юм шиг. Тэнэг сүнсний бодол...

Friday, September 20, 2013

Хүрч чадахгүй

Солонго хаана байна надад хэлээч
Хүсэл мөрөөдлийг минь буцаагаад өг
Тэнгэр юунд ийм анир чимээгүй
Тэр их үүл хаашаа одоов?
            Энэ борооны дараа дараа солонго чи гарах уу
            Хүрч амжаагүй байхад дахин замхран одох уу
            Заавал чамайг бараан бараан үүлэн дундаас хайх уу
            Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү
Хэн нэгэн надад хэлсэн
Огт байхгүй оргүй хоосон гэдгийг
Тэртээд чамайг байдгийг мэдсэн
Тэхдээ найдвар тэвчээр
            Энэ борооны дараа дараа солонго чи гарах уу
            Хүрч амжаагүй байхад дахин замхран одох уу
            Заавал чамайг бараан бараан үүлэн дундаас хайх уу
            Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү



Уйлмаар, угаасаа ч зөндөө уйлсан. Найдвар тэвчээр....Бүх зүйл сайхан болно гэдгийг.........
Тийм байж чадна гэж хэмгийн итгэлтэй байсан ч чамд гомдож суух. Бүүр чамд шүү дээ. 
Оргүй хоосон гэдгийг мэдсээр байж ямар нэг зүйлийг байна гэж итгэсэн. Солонгод хүрнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ өөрөө хүрнэ гэж бодоогүй. Харин хүрч чадахгүй байна гэж санасангүй. 

Угаасаа нээх их юм биччихсэн бичдэг ч юм шиг би дагалдан баясагч хийж байгаа бололтой. Утгагүй юм. Бүгдийг төгсгөнө. Түүнийг ийм хүйтэн бишээ хатуу гэж бодоогүй ээ......

Wednesday, September 18, 2013

Өвөл болох нь

Урт юм бичиж чадахаа байжээ,
Өчигдөр, уржигдах үнэхээр муухай өдөр байлаа. Сэрүүхэн салхитай байсан ч би бачимдсаар. Энэ байгаа өөрийгөө бас бусад хүмүүсийг бас ер нь надтай ойр байгаа болон хол байсан ч дотор байгаад байгаа тэр хүнийг  бодоод байгаагаа ч маш ихээр үзэн ядаж байна.
Үхчих юмсан. Хэнд ч хэрэггүй, хийж бүтээсэн ч юмгүй ингэж амьдарч байхаар.
Жилийн өмнө би юу хийж байлаа, тэрний өмнөх жил. Өвлийг ирэх дөхөхийг мэдэхээрээ л би гунигладагсан.
Гэтэл өвөл болоосой. Тэр цас цагаан энээ тэрээ бол хамаагүй. Угаасаа ч сэтгэл хөдлөхгүй байна. Анхны цас бла бла юу юу хамаагүй. Угаасаа утга учиргүй байгалийн нөхцөл байдалд догдолдог хүмүүсийг ойлгодоггүй. Тэнэг. Тэд бол тэнэг. Би догдолдог байсан болохоор тэнэг байсан гэсэн үг. Эсвэл ухаантай хүмүүс догдолдог уу.
Хамаг бие минь арзайж байна._
Үргэлж бүрхэг байдаг газар очихсон. Бороо ч үгүй цас ч үгүй. Нар бол бүүр хэрэггүй эд.
Цаг нь явдаггүй байвал бүүр сайнсан. Цаг намайг улам л галзууруулж байна.
Өөрийн зохиосон дурандаа зохиосон хамт л байх учиртай тэр бичил хүмүүсээс өөр хүнтэй тааралдмааргүй байна. Тэгвэл би бүүр тэг чигтээ харанхуйруу явчих гээд. Хүмүүс яагаад инээлдээд байгааг ойлгохгүй юм. Юу нь тийм инээдтэй байна аа. Алиалагч нар. Өөрсдийгөө шоолсон алиаглагчид.
Өвөл болвол би нуугдана. Яагаад гэвэл нар тийм ч их үзэгдэхгүй. Ихэнхидээ шөнө. Гайхамшигтай.
Угаасаа ийм тэнэг байснаа ойлгох тусам амьдармааргүй байна. Зүрхээ цагтай цуг зогсоочихмоор.
Утас дугарах, хэн нэгэн надтай ярих, надаас ямар нэг юм шаардах би үзэн ядаж байна.
Гэтэл энэ цаг ямар хурдан явж байна аа...........

Friday, September 13, 2013

Хүлээлт

Дув дуугай, чимээгүй хүлээнэ.... Гэхдээ юуг?
Даанч мэдэхгүй
Хагацал, тавилан, өнчрөл, нулимс, өвдөлт, шимшрэл, харамсал, уй гашуй.................
Ганц л зүйлийг мэдэж байна. Надад тайвшрал хэрэгтэй....
Хувиа хичээгээд эсвэл тэр хүнийг бодоод тайвшраад хүлээх................
Биегүй хоосон зүйл. Найдалтгүй. Гэхдээ өөр арга байхгүй.
Хэзээ ч үхэж мэднэ. Сүнс минь. Эсвэл үхчихсэн ч байж мэднэ.
Бие цогзос үхэхэд хэзээд ойрхон байгаа учир өөрөө түлхэх биш хүлээх л хэрэгтэй. Үхлийг....... 

Tuesday, September 10, 2013

Hello September

9 сарын 1. Бүх хүмүүс ямар нэг зүйлрүү яарч, инээлдэж, хурдан хурдан алхаж, бас тэврэлдэж инээмсэглэнэ.
......Би хаана нуугдахаа, хаашаа зугатаах аа, хэнийг бараадахаа, юуг халхавч болгох оо үл мэдэн мэлрэн сууна.

Есдүгээр сарыг үнэн голоосоо анх удаа маш ихээр үзэн ядав.

Энэ сард би хаана нуугдана аа
 2013.9.1

Saturday, August 31, 2013

Хуурамч инээмсэглэл

Харанхуй өрөөнд сүнс хүлэгдэнэ
Хаашаа ч харсан тэр харанхуйг
Тэсч тэвчиж байсныхаа төлөөсөнд
Түлхэж ч чадалгүй хүлээн авна.................

Бусдын боддогоор энэ бол амьдрал гэнэ. Нэг нь уйлж, нөгөө нь уйлуулдагийг. Тэвчих ёстой зүйлсийг тэвчиж чадаагүйгээрээ, тэвчих ёсгүй зүйлсийг тэвчиж чадсанаараа чи тэнэг болж байгаа юм. Маш энгийн энэ бол тэнэг хүн. Амьдрал дээр хүмүүсийг тэнэг болон ухаантай гэж хуваадаг.

Ухаантай хүмүүс
Тэд бол угаасаа андашгүй амьдрал нь сайхан байгаа хүмүүс, сайхан ч гэж дээ сайхан харагдуулдаг гэвэл илүү онох байх. Тэд маш сайн хуурамчаар инээмсэглэж, дургүй байсан ч дуртай мэт харагдаж, болохгүй байсан ч болж байна гэж ярьдаг. Тэд бол бүтэн амьдралынхаа туршид дүр эсгэсэн хуурамч төрхтөнгүүд. Гэхдээ тэд эцсийн эцэст тоглоомын бүх хөзрийг атгачихсан байдаг.

Тэнэг хүмүүс 
Тэд хөөрхий сайхан сэтгэлтэнгүүд. Тэд уйлмаар байвал уйлдаг, уурламаар гомдмоор байвал тэрийгээ нуулгүй илэрхийлдэг. Тэд бүх зүйлд тухайн үеийн сэтгэл хөдлөөрөө ханддаг. Энэ нь тэднийг бусдын дунд хамгийн тэнэг гэж хэлэхэд хүргэдэг цорын ганц шалтгаан. Ганц чаддаггүй зүйл нь хуурамчаар инээмсэглэх.

Хурим дээрээ багадсан гутал өмссөнөөс болж хөл нь тэсэхийг аргагүй өвдөж байсан ч инээж чаддаг хүн л энэ ертөнцөд амьд үлддэг юм байна. 

 

Friday, August 16, 2013

Нөхөрлөл

Би эмэгтэй хүнийг биширдэг. Тэд үнэхээр ГОО. Тийм ГОО-г би өнгөрсөн оны 10 сард харсан юм. Мэдэрсэн гэвэл илүү дөхөх ч юмуу. Эмэгтэй хүнд яаж татагдаж болдогийг үзсэн. Тэгээд өөрийн хүн болгох найз, сайн найз байхыг хүссэн. Энэ нь хүсэл маш их сэтгэлийн хөдлөлөөр биежсэн. Гэхдээ тэр яг миний бодсон шиг хүн байгаагүй л дэ. Мэдэхгүй би өөрөө сэтгэлийн хөдлөлөөрөө хандсаныг ч байж мэдэх юм. Надтай би яаж ханддаг шиг лав байгаагүй: Би гэхдээ хэн нэгэн найзыгаа миний төлөө хүсээгүй зүйлийг нь хийлгэдэггүй. Гэхдээ гомдоод л, гомдоод л байдаг.
Бас нэг ГОО-г энэ хавар харсан. Тэр ёстой гоё. Даанч бидний хэмнэл заримдаа таардаггүй. Гэхдээ тэр одоо ч миний дэргэд байгаа. Байх ч байх. Гэхдээ би гомдоод гомдлоо хэлдэггүй. Хэлдэггүй нь энэ Tori-гоос л болж байгаа байх. Түүнд би үнэхээр их хайртай.

Гэхдээ миний нөхөрлөлд, миний тэдэнд хандсан сэтгэлд нэг ч хуурамч дүр эсгэлт байгаагүй. Би өөрт байдгийг ч мэдээгүй сайхан сэтгэлийг гаргасан.
 Гэхдээ тэд намайг гомдоогоогүй бол би хуучин шигээ түүнээс ч илүү сайхан сэтгэлтэй хэвээрээ л байх байсан ч юм шиг

Wednesday, August 14, 2013

Мөртүүд

Цонхоор салхи хөшиг түрэн наашлана
Чихэнд минь жааз хөгжим эгшиглэнэ
Урд минь "Бясалгал" тэврүүлнэ
Оюун санаанд минь өөр ертөнцийн аялага дуулдана....


Хуримын цагаан даашинз
Нулимс шиг, цоож шиг
Бачимдуу, бүгчим юм.....


Хоол буцалж, дэвэрч, асгарна
Ус гоожиж, хальж, урсана
Хүүхэд уйлж, хашхирч, дэвхцэнэ
Хогшил энд тэнд хөглөрч, дуугүй дүнгэнэнэ....


Доторх хорлол, шаналал
Нүд ширүүн болох
Би өөрөө "би" биш болох
Бусдын "би"-гийн хөлд арчигдах....


Дараа ирэх учралуудыг төсөөлж
Дутуу үлдээсэн нулимсны төлөөсөнд
Хагас инээд, дүр эсгэсэн аз жаргалыг
Хайр гэж итгээд цааш алхах....

"БИ"



Угаасаа мэднэ бусдаас өөр гэдгээ, гэтэл би энэ ертөнцийг хүн болж төрсөн тул тэдний л дүрмээр амьдарна. Хэн нэгэнтэй гэрлэнэ, хайрлана, үр хүүхэдтэй болно, тэрнийг түүнээс ч илүү хайрлана. …
Тэр хайруудаас хамгийн чухал нь миний өөрийгөө хайрлах хайр. Тэр хайр харин хаа нэгтээ намайг орхиод зугатчихаж.
"Би"-г  би-гээр нь хүлээн авч хамтад нь хайрлах, "би" нь өөрөө юу хүсч, юуг мөрөөддөг юунд догдолдог, ямар сул талтайг хамтад нь хайрлана гэдэг энэ ертөнцийн хүмүүст алга л бололтой. 
Би өөрөө “би” биш болж хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөж, нугарч хугарч байна.
Өөрийгөө биш өрөөлийг хайрласааар, энэ өөрийн амьдралаа хүний амьдралаар амьдарч, улам л сул дорой болж, нуугдаж, бүүр далдаас далд гүнрүү шигдэж байна.

Sunday, July 28, 2013

Танихгүй гэрч.



Дүүргийн Иргэний бүртгэлийн газар, Гэрлэлт бүртгэх цонх:
Нийслэлийн аль ч дүүргийн Тамгын газар хөл толгой нь олдохгүй их хүнтэй байдаг. Зөрөлдсөн олон хүний шүргэлцээн, шаагилдсан их хүний дууг тэнд л сонсож харж болно. Гэхдээ яахав Тамгын газрын нэг цонхны үйлчилгээний бүх цонх оочиртой байна гэсэн үг биш л дээ. Жишээ нь Гэрлэлт бүртгэх, батлах үйлчилгээ үзүүлэх цонх бол бараг л иргэдийн дараалалгүй байдаг. Өнөөдөр ч мөн адил.
Зуны халуун өдрүүдийн нэг. Гэр бүлээ батлуулах гэсэн 2 өөр хос бүртгэлийн ажилтныг ажилдаа ирэхийг хүлээн зогсоно.
Нэгдүгээр хос: Хорин таваас гуч орчим насны залуус. Харагдах байдлын хувьд дундаж давхаргаас арай дээгүүр боломжийн амьдралтай гэмээр хувцаслаж, биеэ авч явна. Дурлалт залуу хосууд бололтой, одоогоор хүүхэдтэй болж амжаагүй нь мэдэгдэхүйц анзаарагдана. Тэд үе үе аз жаргалтай инээмсэглэн, гар гараасаа чанга атган гэрэл цацруулна. Гэрлэлтээ батлуулах гэж байгаадаа тун л баяртай байгаа нь илт. Тэдний гэрлэлтийг гэрчлэхээр 2 гэр бүлийн найз нь иржээ. Гэр бүл болох гэж байгаа найзуудынхаа зургийг авч өгөн, баяр хөөртэйгээр инээлдэнэ. Тамгын газарт байгаа тэр их улс дотор хамгийн л аз жаргалтай хос. Бүртгэлийн ажилтан ч ирж, тэдний гэр бүлийг батлахад асуудал байгаагүй тул төд удалгүй гэрлэлтийг нь бүртгэж авав. Хосууд болон тэдний гэрчүүд хамтран баяр хүргэцгээж, хосууд бие биенээ үнсэссээр бүртгэлийн газраас гарч одов.

Хоёрдугаар хос: Эхний хосуудтай нас нээг их зөрөхөөргүй үе тэнгийн залуус байлаа. Тэд дундаж давхаргын, идэх уух, өмсөх зүүхээр дутахааргүй, хоюул тодорхой ажил эрхэлдэг, бага насны нэг хүүхэдтэй болох нь тэдний ярианаас болон биеэ авч яваа байдал харагдах байдлаас анзаарагдана.
Гэвч гэрлэлтээ батлуулах гэж байгаа хосуудаас нэг ялгаатай зүйл тэдэнд байлаа. Тэр бол царайны хувирал. Тэд баяр баясгалангүй харагдана. Урд өдөр нь эсвэл ирж явах замдаа маргалдсан байж болох л юм. Зан харилцаа, хандлагыг нь харахад өдий насны хүмүүс нэг хүүхэдтэй гэхэд эрт гэр бүл зохиож, анхны учирлуудаараа гэр бүл болцгоосон гэхэд эргэлзээгүй. Тэд нэг л хөндий, хүйтэн харагдана. Залуу гэр бүлийн хооронд маргаан алийг гэхэв гэхэд гэр бүлээ батлуулах гэж байгаа гэхэд арай л хөндий. Албан хүчээр мэт л харагдана. Тэдний гэр бүлийн гэрч болохоор нэгэн бүсгүй иржээ. Хосын эмэгтэйн найз бололтой, тэд үе үе хуучлана. Хосын эрэгтэй нь бүртгэл дээр асуудал гараад байгаа бололтой ийш тийш холхин, энд тэндээс янз бүрийн зүйлс сураглана. Хосуудын гэрч түр нэг тийшээ явжээ. Тэр хооронд хосууд ийн ярилцав:
Эмэгтэй: “Гэрлэлт батлахад заавал 2 гэрч шаардлагатай гэвэл яах болж байна? Эгчийгээ сэрээгээд аваад гарахгүй” гэж уцаарлан хэлэхэд

Эрэгтэй: “Энэ хавиас л нэг хүн олчихъё” гэж мөн л уцаартай, тоомжиргүй хариулна

Эмэгтэй: “Юун энэ хавиас хүн олох, танихгүй хүнээр гэрчлүүлэх хэрэг үү?”

Эрэгтэй: “Одоо тэгэхээс яахав, яагаад болдоггүй юм?”

Эмэгтэй: “...................Салахаар бол анх гэр бүл болоход гэрчилж байсан хүмүүсгүй бол салгадгүй юм. Тэр хүнээ дараа нь яаж олох болж байна” гэж  сонин асуулт маш хурдан  асуув.

Эрэгтэй: “Чи чинь юу яриад байна аа, Сална гэж бодоод батлуулах болж байна уу” гэж  ууртайгаар хэлчихээд хаа нэг тийшээ яваад өгөв.
Маш сонин харилцан яриа. Эмэгтэй үнэхээр хэзээ нэгэн цагт сална гэж бодож байна уу, эсвэл амьдралд юу ч тохиолдож болно гэж болгоомжилсон уу бүү мэд. Ямартай ч хачин асуулт.
Тэд гэрлэлтээ асуудалгүй батлууллаа. Танихгүй гэрч ч хэрэг болсонгүй. Таньдаг нэг гэрчээрээ гэрлэлтээ гэрчлүүллээ. Нэг цэнхэр жижиг дэвтэр дээр “Гэрлэлтийн баталгаа” гэсэн байв.  Хосуудын гэрч эмэгтэй их л баярлан, тус тусад нь баяр хүргэнэ. Харин хосууд баяртай харагдсангүй. Өдөр дутам тохиолддог үйл явдал шиг. “Би баяртай байна аа, та 2н гэрч болсондоо, сэтгэл бүүр догдолчихлоо” гэж гэрч бүсгүй хэлсээр тэд бүгд гарч одов.

Friday, July 26, 2013

өөр хүний амьдрал



Цонхоор сонсогдох барилгын ажил хийж буй чимээ
Гадаа халуун, бүгчим. Угаасаа халуунд, хурц наранд дургүй. Тод өнгөнд  дургүй болоод нэлээн удаж байна.
Тод өнгөнөөс зугатаах нь амьдрахаас зугатаахтай л адил. Амьсгалж буй минь үнэн ч амьдарч буй минь.............
Хамааралгүй л баймаар байна. Би хэн нэгнээс, хэн нэгэн надаас. Тийм л болчихвол хоргодоод байх зүйл алга байхсан. Дүүрэн дүр эсгэсэн амьдрал.
Гэрээс гарахдаа дүр эсгээд хувцаслаад, бас будаал гарна. Гудамжинд дүр эсгэн алхана. Хэн нэгэнтэй уулзана, бас л дүр эсгэсэн яриа. Салаад гэрлүүгээ ирнэ. Гэртээ ирээд хоолоо хийгээд гэрийн эзэгтэйн дүр эсгэлт. Хаана нь би байж, хаана өөр хэн нэгэн байгааг мэдэх юм алга.
Би угаасаа сул дорой хүн. Зориггүй, хулчгар, бас дүр эсгэгч. Өөрийнхөөрөө биш өрөөлийн амьдрал биеэр амьдрагч. Сүнсээрээ биш махан биеэрээ. Зүрхээрээ биш ухаанаараа.
Заримдаа энэ барилгын чимээ сайхан санагдах. Нэгэн хэвийн бас чанга, өөр зүйл сонсох шаардлагагүй. Гэхдээ бүүр юу ч юу ч сонсогдохгүй байсан нь  гоё. Бүүр юу ч шүү.
Их юм бодохгүйн тулд биеийн хөдөлмөр хийнэ, хөлс дуслана. Юм бодохгүйн тулд шүү дээ. Юу ч бодохгүй байхдаа би махан биеэрээ амьдарч амьсгалдаг. Энэ хаяада үнэхээр амар. Яг л үхдэл шиг. Юм бодоод ирэхээрээ сүнс маань махан биенээсээ гарах гээд тийчлээд, оюун санаа намайг бачууруулдаг. Угаасаа гараад явчихаж чадахгүй, чөлөөлөгдөж чадахгүйгээс хойш бодохгүй байсан нь дээр. Аясаараа, удаан, алгуур юу ч юм угаасаа миний биш өөр хүний амьдрал юм чинь.